Breaking News
Loading...
19.04.2020


Улайсам халуун өдөр
Улаан тоос босно
Улаан гол тасарч
Улайнд шунагсад навсайлдана
Улс амьтан бужигнаж
Улангассан дайсны дайралт
Улам ширүүсэн ойртоно
Ухрах эрхгүй эрсийн тамир шавхагдаж
Уйлан хайлья гэвч нулимс үл гарна
Уриа дуудлагаа сонсоод
Урам зориг орж урагшлах хүчийг олно
Цаг хугацаа зогсоод
Цаашаа ч үгүй наашаа ч үгүй гацна
Цахилах хөлгийн туурайнаас
Цагаан тоос босно
Цагаан сүүгээ гоожуулж
Цагаагч гүү унагаа эрэн шогшуулна
Цуутай өвгөдийн сүнс үрсээ тойрон эргэлдэнэ
Цөмрөн ирэх дайсныг тогтоох хүч хайрлана
Цусанд улайрсан эрс баруун солгойгүй цавчилдана
Цөхрөл, хорсол, хилэн, зүрхэнд тулан хураад
Цөс доргиосон уухай тал дүүрэн хангинана
Аюумшигт хядлагад хэрдхийгээд
Амьсгаа даран тэнгэр дүнсийнэ
Агтны хөлд талхлагдсан тал
Арай ядан нулимсаа нууна
Аврал эрэн орилолдох эмс
Алдрай үрсээ элгэндээ тэврэн
Амиа золин атаатнаас халхална
Ахар богино хугацаанд
Амь амьдрал дэнслэгдэнэ
Амьдралын үнэ цэнийг
Арьс махаараа мэдэрнэ
Газар цусанд дэвтээд шингээж чадахгүй бялхалзана
Газар тэнгэрийн савслаганд улаан тоос л тунарна
Гарцаагүй ирэх үхлийг омог бардам угтана
Ганцхан заяах нутагтаа очиж чадаагүйдээ л харамсана
Гал ус харшиж
Гашуун зовлон нөмөрнө
Гансрал, шаналалын дуун өр зуран гэнгэнэнэ
Галзуу догшин уухай үл тасран дуурсана
Галт сум чихний хажуугаар шунгинаж
Гарамгай баатдын хуяг дуулга гялтагнаад
Галын эздээр мануулсан туг хиур дэрвэнэ
Төрсөн нутгийн бараа тэртээгээс даллана
Тэнхээ тамир ороод шүд зуун зүтгэнэ
Тунараад ирсэн нулимсаа дотогшоо залгин мэгшинэ
Тулаад ирсэн дайсныг хамх цохин буцаана
Тэнгэрт сүслэн заяа тавилангаа даатгана
Тэнгэрийн энэрэлд үл цөхрөн урагшилна
Түмэн бээрийг туулсан нүүдлийн цуваа
Тасарч зогсох учиргүй
Түмэн бэрхийг туулавч
Төрсөн нутагтаа хөл тавьж
Тэнүүн талдаа эзний ёсоор тааваар жарган сууна.





0 сэтгэгдэл:

Kommentar veröffentlichen