Breaking News
Loading...
15.04.2020


Сүйтгэл, устгал, сүйрэл
Савнаасаа халин сагаад
Сүнсээ арилжсан сүгнүүдийн
Сүүлчийн мөч ирэхүйд
Сүн далай Сүмбэр уулыг залгиад
Сүүлчийн хуурай газар
Сураггүй живэн далдрахуйд
Сүргээс амьд үлдсэн
Сүүлчийн үйлт хүн
Сүүлчийн мөсний хэлтэрхийтэй цуг
Сураг чимээгүй тонилмогц
Амь амьдралын ул мөр оргүй арчигдаад
Амьтай голтой юмны бараа сураг тасраад
Ачит олон бурхадын аврал нэгэнт оройтоод
Авах идэхийн дон шунал
Ачлал үл мэдэгч бачит сэтгэл
Алалдан тэмцэх хилэнц нүгэл
Алж талах чивэлт хүсэл
Араатнаас дор хэрцгийлэл төгсөж
Анир чимээгүй аюумшигтайгаар ноёлохуйд
Аваа өгөө сая нэг тэнцэж
Арван галавын зовлонт түүх эцэслэмүй
Уйтан хөх орчлон
Усанд автан цэлийгээд
Уй гунигийн дуу хаанаас ч үл сонстоно
Уйтгарласан саарал тэнгэрээс
Улаан өнгөт бороо хааяахан дусагнах нь
Усан нүдэт хүмүүн агсаны нулимс мэт шорвог ажгуу
Ус амьдралыг үүтгэсэн атлаа
Ус амьдралыг егүүтгэх нь энэ ажээ
Уснаас үүссэн бүхэн
Усандаа эргээд шингэхүйд
Угаас дүлий орчлон хэнэггүй дүнсиймүй



0 сэтгэгдэл:

Kommentar veröffentlichen