Breaking News
Loading...
06.12.2013


Эрхэт тэнгэрийн ивгээлээр
Эр заяаг онож төрсөн
Эгнэшгүй хүчит эрдэм ухаан төгс
Эр хүний хийморь сүлдийг хурайлан дуудсу
Хүн гүрний үеэс хөрстийг чичрүүлсэн эрийн хийморь
Хөх Монголын туган дор дэлхийг хураасан эрийн хийморь
Хашхираа уухай нь хад асга нураагч эрийн хийморь
Халдах дайсныг мохоон дарагч эрийн хийморь
Мөндөр мэт асгарах суманд оногдолгүй гарсан эрийн хийморь
Мөнгө өнгөнд автаж сүнсээ арилжаагүй эрийн хийморь
Мөрөн голыг туулавч Монголоо мартаагүй эрийн хийморь
Мөнх тэнгэрт сүслэж мөрлөж өндийсөн эрийн хийморь
Багтаж ядсан бяр халгисан их итгэл эрийн хийморь
Бараа ихт бардам омогт баатар зоригт эрийн хийморь
Босоогоороо нөгчиж дахин төрсөн эрийн хийморь
Болохгүй бүхний эсрэг эрслэн боссон эрийн хийморь
Хангарьдын дэвэлтээр дэвж 
Харцага шонхор мэт хуурнин шуугигч эрийн хийморь
Хар муу бүхэнтэй хутгалдавч сэвтэж гундаагүй эрийн хийморь
Хайр энэрэл хүндлэлийг тэнцүүлж ирсэн эрийн хийморь
Жаргал зовлонгийн алинд нь ч хугарч нугараагүй эрийн хийморь
Жаахан буурал ээждээ сөгдөж мөргөсөн эрийн хийморь
Жам ёсыг ухаарч хатуужсан эрийн хийморь
Жаргаж байна хэмээгээд зовлон тариагүй эрийн хийморь
Уртын дуу шиг амьдарсан эрийн хийморь
Уудам тал шигээ сэтгэсэн эрийн хийморь
Удам залгах үрээ өөрөөсөө илүү хайрласан эрийн хийморь
Ужиг самуун бүхэнтэй үл эвлэрэх эрийн хийморь
Үхлийн өмнө сөгдөж амь гуйгаагүй эрийн хийморь
Үдлээд мордох хорвоод өөртөө үнэнч байсан эрийн хийморь
Үнэн шударгын төлөө эрсдэхээс айгаагүй эрийн хийморь
Үг үйлээ үнэн болгосон эрийн хийморь
Давхиж буй гөрөөсний хар нүдийг алдалгүй харвах эрийн хийморь
Доройг асарч дээрэнгүйг дарсан эрийн хийморь
Даравч далдайх булавч бултайх эрийн хийморь
Далай их улсын багана нь болсон эрийн хийморь
Эрхийдээ ончтой элгэндээ сөстэй эгэмэндээ бяртай
Эрхэт тэнгэрийн хөвүүд ижийн хайртай үрс
Эгэлгүй заяанд төрсөн
Эр бор харцагууд минь
Санасан бүхэн чинь сэтгэлчлэн бүтэж байг
Сарвайсан бүхнээ саадгүй авч байг
Саар муу бүхэн халдаж чадалгүй тойрч байг
Сайн сайхан бүхэн салалтгүй хамт яваг
Хөх Монголын эрчүүдийн хийморь золбоо нь өөдөө байг
Хөх мөнх тэнгэрт ивээгдэн ямагт мандан бадарч байг
Хүмүүн төрөлхтөний охь манлай болон
Хүндлэл хайрыг нь хүртэж яваг
Хурай Хурай Хурай

2 сэтгэгдэл: