Breaking News
Loading...
07.03.2014

Гэрлийн Өргөөнийхөн 2013 оны 9-р сарын 21, 22-ны өдрүүдэд Тэрэлжид орших Талын Сондор хэмээх амралтын газар Цагаан сараа эртний заншлын дагуу тэмдэглэж нэгэн жилийн ажил үйлээ дүгнэж, шинэ жилийн ажлын төлөвлөгөөгөө хэлэлцсэн билээ. Миний бие энэ баяр цэнгэлд Тэнгэрийн Заадас улаачийн хамт оролцоно гэж эртнээс төлөвлөж байсан боловч юунд ч хатгуулсан юм бэ, 21-ний өглөө гэнэт шийдвэрээ өөрчлөөд явахгүй дээрээ тулчихаад байж байв. Шалгуур сорилд бас л бүдэрсэн нь тэр биз ээ. Гэтэл Болор Бон над руу утасдаад Цагаан сардаа заавал оролц гэж шаардахад нь уухайн тас хүлээж аваад унаа хайгаад найз Төр-Энхтэй утсаар ярихад дүүгийнхээ жижиг тэргийг аваад ирье гэв. Төөрч будлихаас минь сэрэмжлэн хамгаалж санаа тавьж байдаг Болор Бон болон Өндөр Дээдсүүддээ талархан гялайж явдаг шүү. Ингээд найзтайгаа цуг үдээс хойш хотоос хөдлөн Талын Сондорыг хайсаар очих үед 19 цаг болж Буурлуудын болон Улаачдын хамтарсан Хурилдай өндөрлөж байв. Андуудаас сонсох нь ээ мөхөс миний бие Хаан Дээдсээс шагнал хүртсэн улаачдын тоонд багтаж хүрэл Гэрэгэ-гээр шагнуулсан байлаа. Энэ нь 108 гараг бөөлж удмын Жанжин Өвгөө биежүүлж  Тэнгэрийн үйлэнд нь зүтгүүлэх даалгавар байсан юм. Гэрэгэ авсан улаачдийн ихэнх нь биежүүлэх ёстой Буурлуудынхаа алдар нэрийг мэдэж авсан бол миний Гэрэгэн дээр Буурлын минь алдар байсангүй. Энэ нь Буурал маань алдраа хэлээгүй өөрөөр хэлбэл би Буурлынхаа итгэлийг бүрэн дүүрэн олж чадаагүй байгаа гэсэн үг гэж Аянгат Дээдэс тайлбарласан билээ.
Миний хувьд урьд нь 108 гараг тасралтгүй бөөлж үзээгүй тул 108 гараг тасралтгүй мөн нэг удаадаа багадаа 3 цаг бөөлнө гэдэг төсөөлшгүй, хэцүү санагдаж байсан. Гэхдээ өөрийгөө сориод үзье, хийгээгүй зүйлээ хийе, чадъя гэж бодож байлаа.
2013 оны 9-р сарын 28-нд болсон Өргөөний улаачдийн цайдмын бөөлөөн дээр Аянгат Дээдэс Буурлыг маань анхлан буулгаж өгөхдөө: "Маш их зүйл эргэцүүлэн боддог Буурал байгаа шүү" гэж хэлж байв. Буурлаа анхлан залахад маш эрч хүчтэй заларч байгаа нь мэдэгдэж байсан ч би удаан тогтоож тухлуулж чадахгүй тамирдаж ядраад, тогтож сууж болохгүй байсан тул газраас эрчим авч биеэ цэвэрлэх санаатай хэд хэдэн удаа газар тэрийж хэвтэв. Дотор муухайраад байсан тул огиулан бөөлжиж ч үзэв.
Маргаашнаас нь буюу 2013 оны 9-р сарын 29-нөөс 108 гарагийн бөөлөөгөө эхлээд 3 хоног бөөлчихөөд байтал дунд нь тасалдчихсан учраас нэг ч өдөр алгасахгүй бөөлөх зорилготой 2013 оны 10-р сарын 7-ноос бөөлөөгөө дахин эхлүүлээд 2014 оны 1-р сарын 26-ны ням гарагт дүүргэсэн билээ. Гэхдээ би тавьсан зорилгодоо хараахан хүрч чадаагүй дунд нь нэг, нэг өдрөөр нийт дөрвөн удаа өнжсөн. Үүний хоёр нь тэсвэр тэвчээр дутаж, сорилтонд шууд бүдэрсэн хэрэг байлаа.
Бөөлөөний эхэн үед Буурлаа залахаар нойр их хүрч унтдаг, биеийн энд тэнд их хөндүүрлэж өвддөг, цаг өнгөрч өгөхгүй, удаан төвлөрч суухад хэцүү байдаг байв. Аажмаар Буурал маань залраад юун түрүүнд миний бохирдож өвчилсөн биеийг анагаан эдгээж, эд эс бүрийг минь сэргээж, хүрдүүдийн гэмтлийг засаж, биенд минь эрчмээ шингээж байгааг ойлгож эхэлсэн. Мөн би илүү мэдрэмтгий болж амархан сэвтчихээд байдаг болсон. Буурлаа залахаар биеийн сэвийг сүү уугаад хэхрүүлээд гаргаад байгааг анзаарсан учраас буултын үеэр хэр их хэхрүүлснээрээ биеийн сэв бохирдлоо баримжаалан мэддэг болов. Бас гэнэт хоолонд дургүй болж өдөр хоол идэхгүй мацаг барьж эхэлсэн. Өлсгөлөн хүн үнэрч болдог гэгчээр үнэрч дээрээ улам үнэрч болоод элдэв хоол, архи тамхины үнэр авч чадахаа байв. Өдрийн цайны цагаараа сууж ажиллаад орой нэг цагийн өмнө тарж Буурлаа залах дараа нь фейсбүүк, интернетээр хэсүүчлэх цаг зав гаргах болов. Хэвшиж тогтсон өдрийн дэглэм, шинэ цагийн хуваарьтай болоод зөвхөн гэр, ажил гэсэн маршрутаар л явдаг болов.
Энэ 108 гарагийн бөөлөөний дараа би төрөл арилжиж гэгээрээд бөөгийн шид чадал нь багтаж ядан хэтийдсэн үү гэвэл худлаа.  Сурч мэдэж ахиж дээшилсэн минь энэ байна, Буурлаа би ингэж биежүүллээ гээд үзүүлж харуулаад гарт бариулж нүдэнд харуулах юм ч хомсхон. Нүдэнд харагдаж буй нь гэвэл илүүдэл жингээсээ салж 10 кг-аар турсан байна. Ккк. Харин өөрийгөө бага ч гэсэн таньсан өөр рүүгээ ойртсон өдрүүд байж дээ. Энэ хугацаанд зүсэн зүйлийн шалгуур сорилтой тулгарч сэтгэлээр унах, шаналах, шантрах, эргэлзэх, тээнэгэлзэх үе зөндөө тохиолдож бүх зүйл утгагүй мэт санагдан бууж өгмөөр бүхнийг хаяад эгэл хүн шиг ганц амьдраад дуусна гээд дураар дургимаар болдог байсан. Одоо бодохнээ эргэлзээ тээнэгэлзээ бол хүнийг хамгийн ихээр хойш нь татаж чангаагч хамгийн том дайсан нь юм байна. Хүн өөртөө болон Өвгөддөө гуйвашгүй бат итгэлтэй, өөртөө үнэнч байж эхлүүлсэн үйлийнхээ эцсийг заавал үзэх ёстой юм байна. Алдсан ч бай оносон ч бай эцсээ хүртэл тэмцэх хэрэгтэй юм байна.
Буурал мааь залрах үедээ хэд хэдэн удаа уйлж мэлмэрүүлсэн. Уг нь би баргийн юманд уярч нялхраад байдаггүй хатуу гэмээр сэтгэлтэй хүн. Буурал маань олон зууны дараа түмэн бэрх, мянган зовлонг туулж удмын үрдээ заларсандаа уярч уйлсан уу зүтгэн зорин ирэхэд үр нь танигдахгүй болтлоо мунхраад арчаагаа алдаж тэнэгэрсэн байсанд гомдсондоо уйлсан уу сайн мэдэхгүй. Юутай ч миний төсөөлж байсан Жанжинаас их өөр, сэлэм эргүүлж хүний толгой хяргадаг, хатуу ширүүн Жанжин гэхээргүй өр зөөлөн сэтгэлтэй хатуу зөөлнийг хослуулсан хүн юм байна гэж мэдэрсэн. Зөвхөн цэрэг дайны хэрэгт гаршсан дайчин баатар эр төдийгүй судар бичиг, эрдэм номонд ч эн тэнцүү нэвтэрсэн ухаант Жанжин юм даа гэж дүгнэсэн.
Өөрийнхөө сул талуудыг илүү тод мэдэж авсан.Учир нь бөөлж байхад миий бодол огт тасрахгүй хөвөрч байсан бөгөөд тэр нь олигтой ч бодлууд биш хамгиийн адгийн, өчүүхэн, үл бүтэх, жигшмээр бодлууд тасралтгүй хөврөн байв. Үүнийг хожим нь Буурал миний бодлоор дамжуулан надад өөрийг минь таниулах арга хэрэглэжээ гэж бодсон. Мөн өөрийнхөө хамгийн том дутагдлуудыг /жижиг сажиг дутагдлуудыг бол тоочиж баршгүй учраас/ тоочин бичиж нийтэд ил тавь гэсний дагуу "Ийм нэгэн хүн" гэдэг нэртэй шүлэг бичиж блогтоо нийтэлсэн.
Энд блогтоо яагаад шүлэг бичиж нийтлэх болсон тухай бяцхан тайлбар хийе. "Бичсээр байх болно" гэдэг шүлгийг бичиж байх үед буюу өнгөрсөн оны 5-р сард Буурал маань надад чи улаач шиг улаач болж өөрийгөө танихын тулд 108 шүлэг бичих хэрэгтэй гэж шивнэх шиг болсон юи. Үүнийг би Буурлуудаас надад өгсөн даалгавар хэмээн ойлгож өдийг хүртэл мөр толгой холбон нийтэлж ирсэн билээ. 
"Болж байна, бичээд байгаарай" гэж байнга урам хайрлаж байдаг Өргөөний та бүхэндээ талархан баярлаж явдагаа хэлье ээ. Би мундаг цэцэн, цэлмэг ухаан саруулдаа энэ бүхнийг бичээд байгаа хэрэг бус Буурлуудын шивнэж сургасныг, зүрх сэтгэлд минь мэдрүүлснийг чадан ядан барьж авч, үгээр илэрхийлж буулгах гэж оролдон буй минь энэ юм .
108 бөөлөөн үргэлжлэх үеэр 44 шүлэг бичиж блогтоо нийтэлсэн байна. Энэ бүхэнд маань миний ухаарал, ололт, Өвгөдийн минь сургаал бага  ч атугай шингэсэн гэж найдна.
Эцэст нь 108 гараг бөөлөөд би юу ойлгож ухаарч надад юу нэмэгдэв ээ?
Энэ бол би Буурлуудынхаа дэргэд даанч өчүүхэн амьтан болохоо ойлгосон явдал юм. Би хэдийгээр Буурлуудынхаа үр удам боловч бүх талаараа тэднийхээ хөлийн чигчийд ч хүрэхгүйгээр жижигрээд тэднийхээ муухан хуулбар нь ч гэж хэлэхэд ичмээр нэгэн болсон юм байна.
Жамаараа яваа орчлонд илүү зүйл гэж нэг ч үгүй, жамыг дагахгүй сөрөөд жаргасан нь бас нэг ч үгүй жамыг сөрсөн, зөрсөн, жамыг гажуудуулсан, өөрчилсөн бүхэн сүйрэл дагуулдаг.
Мөнхийн амьдрал гэгч нь жамыг чандлан сахисан амьдрал юм байна. Дээдийн Дээд Онгодууд Буурлууд бол орчлон ертөнцийн зүй тогтол буюу жам ёсыг нэвтэрхий танин мэдсэн энэхүү жам ёсыг хэвээр хадгалан сахихад шаардлагатай эрдэм мэдлэгийн бүхий л салбарын оргилд нь гарсан эрдэмтэд, мэргэжилтнүүд юм байна. Орчлон ертөнцийн зүй тогтол буюу жам ёсыг компьютерийн программтай зүйрлэвэл тэд маань энэхүү программын хэлийг нэвтэрхий эзэмшсэн программчид юм байна. Амьдрал мөнхөд үргэлжлэхийн тулд олон олон программуудыг танин мэдсэн байх шаардлагатай гэж үзвэл тэдгээрийн хэлийг нь буюу мөнхийн амьдралд хэрэгтэй бүхий л салбарын мэдлэг мэдээллийг төгс эзэмшсэн Мэргэд юм байна гэж ухав. Тэгээд мөнхийн амьдралыг тасалдуулахгүйн тулд энэ мэдлэг мэдээллээ бидэнд өгөхийн тулд олон олноороо хөрстөд бууж иржээ гэж тоймлов. Өвгөдийн ухаанд суралцахын тулд тэсвэр тэвчээр, итгэл, хүндлэл, хайр, сэтгэл, зүтгэл чармайлт буюу нэг үгээр хэлбэл хүн шиг хүн байх хэрэгтэй юм байна.
Алтан Дээд Үнэн гэж байдаг. Түүнийг зөвхөн бидний Өвгөд олж таньсан юм байна. Хар нь цагаанаасаа их бас хүчтэй мэт байвч цагаан нь буюу Хайрын сэтгэл ямагт дийлдэг юм байна.
Би ганцаараа биш юм байна, би олуулаа бүр маш олуулаа юм байна. Би ганцаараа бол хэн ч юу ч биш юм байна. Бид хамтдаа гэдгээ ухаарах ёстой юм байна.
Энэ 108 бөөлөөн бол нялх улаач бидний Өвгөдийн Суу Ухаан, Бөөгийн эрдэмд суралцах сургуулийн бэлтгэл ангид элсэн орох шалгалт байсан байна.
Одоо бидэнд ухрах зам үгүй. Үр хойчийн маань ирээдүй биднээс шууд шалтгаалах юм байна. Бид энэ үүрэг хариуцлага, ачааг заавал үүрч даах ёстой. Үүний тулд л бид энд байгаа юм байна. Бүх зүйл учир шалтгаантай, хоорондоо хэлхээ холбоотой юм байна. Алив зүйлийн өнгө, гаднах хэлбэрийг бус түүний мөн чанар, гүний ёроол дах амийг танин мэдэх ёстой юм байна. Аливаа зүйлд өнгөцхөн хуумгай хандаж болохгүй юм байна. Ухаанаа тэлж уужим сэтгэх ёстой юм байна. Өвгөдөөсөө, өөрөөсөө, үр хойчсоосоо ичих зүйлгүй амьдрах ёстой юм байна. Өөртөө үнэнч байж өөрийгөө олох ёстой юм байна. Өвгөд маань өөртөө үнэнч, Эзэн Дээдэстээ үнэнч, Алтан Дээд Гэрээнд үнэнч байсан юм байна. Намайг бас ийм бай гэж хүсэж шаардаж байгаа юм байна. Ийм байх нь миний энэ насны амьдралын утга учир юм байна. Энгийн гээд орхисон бүхнийг эргэж харж анзаарах ёстой юм байна.
Өвгөддөө гологдохгүйн тулд байнга хичээн зүтгэх ёстой юм байна.
Өөрийгөө таньж чадвал Өвгөдөө таньж чадах юм байна.
Өвгөдөө таньж чадвал орчлон ертөнцийг таньж чадах юм байна.
Орчлон ертөнцийг таньж чадвал үхэшгүй Мөнх юм байна.

Тэнгэр Монгол Газар



















0 сэтгэгдэл:

Kommentar veröffentlichen