Breaking News
Loading...
31.03.2020


Эртнээс эдүгээг хүртэл туулж ирсэн замыг
Ээдрээт амьдралын нугачаанд алдаж оносон түүхийг
Ээдүүлэлгүй хадгалж ирсэн сурвалжит удмын цадигийг
Эзэнт гүрний туган дор
Энхжинг цогцлоосон мөчүүдийг
Эзэрхэг түрэмгийд эзлэгдэж
Энэлэн шаналсан жилүүдийг
Атгасан шагай мэт нэгдэж
Алдараа дуурсгасан агшнуудыг
Алтайн уулсаас эхтэй
Аугаа баатарлаг түүхийг
Ахан дүүс эвдрэлцэж
Алалдан тэмцсэн эмгэнэлийг
Алдаа эндлийн горыг
Амиараа төлсөн үнэнийг
Зуун зууны явдлыг хураангуйлж
Зуун найман үлгэрт өгүүлж
Зузаан зузаан судар бичгийг
Зургаан үгэнд багтаан шингээж
Зүрхний гүнд нойрсох үнэнийг
Зүүд зөнгөөр даллан сэрээж
Олон оны өмнө ам алдсанаа цайруулж
Олон үеийн өвгөдийн түүхээс
Онцгойлон сонгон шилж
Орчлон хорвоогийн жамыг хүүрнэж
Оюунтай төрсөн балчруудыг
Осол эндлээс сэрэмжлүүлье хэмээн
Монгол нь монголоо хайрладаг болох
Маргаашийн гэрэлт ирээдүйг хүсэмжлэн
Монгол нь монголоороо оршоосой хэмээн
Морьтон баатруудын үлдээсэн
Мартагдсан түүхийн бүдэг жимээр
Молхи би бэдэрхээр зоригловой
Саар нь сайнд урван
Сайн сайханд хөтлөөд
Саатан сонордох бүхний
Сэтгэлийн шарх аних болтугай!
Саруул ухаантай үрсийн
Санаж сэрэх сэжүүр болог
Үе дамжин удамшиж
Үндэс мөчрийг хэрсэн
Үрэвч үл арилах
Үйлийн үр цайрч
Үр хойч минь ухаажиж
Үндэс мөчир минь бэхжих болтугай!




0 сэтгэгдэл:

Kommentar veröffentlichen