Breaking News
Loading...
11.12.2013

Шанхны үсээр салхи наадна
Шанзны эгшиг уйтай гэнгинэнэ
Шаналал зовлон дахиад л сэдрээд
Шал дэмий бодлууд хөвөрнө
Мартагдсан дурсамжуудаа хайр найргүй онгично
Мартаж намайг амраагаач гэж зүрх гиншинэ
Мартсан гэж бодсон бүхэн сэргэж амилна
Мартаагүй биз дээ намайг гээд энд тэндээс зүүгдэнэ
Өнгөрсөн бүхэн өнгө будагтайгаа тодорно
Өөрийн туулсан замаараа буцаад алхана
Өөдөөс минь олон олон би угтана
Өөрийгөө олж хараад таньж ядна
Хаанаас ирсэнээ сая л мэднэ
Хаагуур явсанаа нэхэн санана
Хаана хүрээд байгаагаа лавтай мэднэ
Хаашаа явахаа эцэслэн товлоно
Шанхны үсээр салхи наадна
Шанзны эгшиг зүүднээс сэрээнэ
Шандны усанд өөрийгөө тольдоно
Шаргал нар руу харан зогсоно
Өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээгээд
Өнөөдрөө би цааш үргэлжлүүлнэ
Өлөн тоостой дээлээ гөвчихөөд
Өндөр дэнжийг зорьж одно


0 сэтгэгдэл:

Kommentar veröffentlichen