Breaking News
Loading...
16.12.2013


Үр минь чи дүүлэн нис
Үнэнээр жигүүрлэж халин дүүл
Үндэс мөчрөө сахин хамгаал
Үеийн үед цэцэглүүлж яв
Бодол сэтгэлийн хүлээсээ тасчин хая
Болгох бүтээхийн төлөө эрслэн зүтгэ
Бодол бүхнээс хүчтэйг санан байж
Бодол оюунаа хөвчлөн дүүл
Элдэв бодлоо таягдан хая
Эргэлзээ тээнэгэлзээгээ үлдэн хөө
Эр хүн шиг эрвэлзэж яв
Эмээлт хүлэг шиг дүүхэлзэж яв
Өөрийгөө хэзээ ч бүү гол
Өөрөө өөртөө л итгэж найд
Өөрт чинь итгэсэн Өвгөд чинь мунхаг бус
Өндөр их итгэлийг нь гундааж бүү хөсөрдүүл
Бусдад таалагдах гэж өөрөөсөө бүү урва
Бусад шиг болох гэж өөрийгөө бүү эвд
Бусдын нүдэнд ямар харагдах нь хамаагүй
Болзоот үр минь чи бидэндээ л эрдэнэ
Итгэж найдаж илгээсэн Өвгөдөө сана
Ивээл хайрыг нь итгэл зүтгэлээр хариулж яв
Ил далд хоёрыг тэнцүүхэн хослуул
Ижил олон нөхдөөсөө холдож бүү сондгойр
Хаа явсан газар чинь бид цуг гэж мэдээрэй
Хар муу бүхнээс халхалдаг гэдгийг санаарай
Хайр нь их тусмаа хатууг үзүүлдэгийг ухаж
Хайр хал хоёрыг тэнцүү дааж яваарай
Үүрэх ачаа их тусмаа шалгуур сорил нь хүнд шүү
Үүрч дааж чадвал шагнал хишиг нь ч арвин шүү
Үглэж дуулан гаслалгүй хатуужин урагшлаарай
Үүлгэртэн самгардаж ухралгүй урагш зүтгээрэй
Алдаж эндсэн бол алдаагаа даруй засаарай
Ам хэлээ мэдэж бодол сэтгэлээ цэгцлээрэй
Ааш авираа татаж олонтойгоо яваарай
Атаа жөтөөг мартаж уужим сэтгээрэй
Өвгөдийн хайр хязгааргүй ч тэвчээр нь хязгаартайг санаарай
Өөрийн мулгуугаас болж гологдож хоцордогийг санаарай
Өөрийгөө голон гонсойвол Өвгөдөө л голж буйгаа ухаар
Өөрийгөө үгүйсгэн муйхарлавал Өвгөдөө л үгүйсгэж буйгаа мэд
Чи бол бидний үргэлжлэл
Чи бол бидний найдвар
Чи бол бидний тусгал
Чи бол бидний бахархал
Ганцаардаж мухардаад шантарвал
Ганцаар биш гэдгээ санаарай
Гай гамшиг тохиолдсон ч гансарч бүү гуниарай
Галав юүлж орчлон хөрвөөсөн ч хамтдаа гэдэгт итгээрэй
Туулсан замаа цэгнэж туулах замаа тооцоорой
Туйлын зорилго зоригдлоосоо хараа бүү салгаарай
Тэвчээр чинь барагдан няцвал Өвгөдийн түүхээр жигүүрлээрэй
Туулсан замаас минь суралцаж алсыг зорих хүчийг олоорой
Хүч алдан туйлдаад тэнхээ чадал чинь шавхагдахын цагт
Хайраар зүрхээ сэлбэн байж Өвгөдийн ялалтаар омогшоорой
Хан хорвоод биднийг юу ч дийлээгүйг санаарай
Хамаг бүхэн сэтгэлээс үүдэлтэйг санаж сэтгэлээ хатамжлаарай
Зүрх сэтгэлдээ итгэж замнах замаа олоорой
Зөв бодлоор ухаанаа ундаалж зөв үйлд хөтлөөрөй
Зөв үг  зөв үйлээр замаа засаж яваарай
Заяа тавилангийн чинь цулбуур зөвхөн чиний гарт гэдгийг санаарай
Өөрийнхөө өчүүхэнг ухаарч бардам зан ихэрхэлээ дарж яваарай
Өрөөл бусдыг хүндэлж үг сургаалийг нь сонсож яваарай
Өөрөөс чинь илүү хүчтэн чадалтан ямагт байдгийг мэдээрэй
Өөрийн унах нүхийг өөрөө л ухдагийг санаарай
Үр минь чи дүүлэн нис
Үнэнээр жигүүрлэж халин дүүл
Үндэс мөчрөө сахин хамгаал
Үеийн үед цэцэглүүлж яв





0 сэтгэгдэл:

Kommentar veröffentlichen