Breaking News
Loading...
19.12.2013

Цаг хугацаа гарын салаагаар урсана
Цагаан үс үлдээн чимээгүй урссаар л байна
Цаг хугацаа буй бүхнийг нэвтлэн урсана
Цаглашгүй хүчийг нь тэсвэрлэх зүйл нэгээхэн ч алга
Энэхэн агшныг тогтоон барьж үл чадна
Эргээд харахад урсаад өнгөрсөн байна
Эгц өөдөөс нь ирэх цаг хугацаанд дайруулна
Энгэр хормойноос нь зүүгдээд ирээдүйг чиглэнэ
Цэнхэр гариг тэнхлэгээ тойрон эргэнэ
Цаг хугацаанд хөөгдөн туугдан эргэнэ
Цаагуураа уяатай ботго шиг нарыг тойрон эргэнэ
Цагаан гэрэл илч туяаг нь горьдон горьдон эргэнэ
Энэхэн дэлхий зогсолтгүй эргэлдэнэ
Эргэх зуураа бүхнийг хөдөлгөнө
Ээлж халаагаа өгсөөр юмс үзэгдэл солигдоно
Элэгдэж хорогдохыг мэдэхгүй цаг хугацаа л хэвээр
Цаг хугацааны завсраар бид урсана
Цагаан зам татуулж чадсан нь эргээд ирнэ
Царайчилж хэнийг ч аргадахгүйгээр цаг хугацаа урсана
Цагаан нь харыгаа дийлсээр цааш үргэлжилнэ




0 сэтгэгдэл:

Kommentar veröffentlichen