Breaking News
Loading...
12.11.2013

Зовсон ч жаргасан ч өөрийнхөөрөө
Задарсан ч ядарсан ч өөрийхөөрөө
Зүхүүлсэн ч магтуулсан ч өөрийнхөөрөө
Зүгээр л өөрийнхөөрөө байхыг хүснэ
Алдсан ч оносон ч өөрийнхөөрөө
Авсан ч өгсөн ч өөрийнхөөрөө
Андалсан ч дайсагнасан ч өөрийнхөөрөө
Алив бүхэнд өөрийнхөөрөө
Сэтгэсэн ч мунхарсан ч өөрийнхөөрөө
Сэхсэн ч уруудсан ч өөрийнхөөрөө
Сэхээрсэн ч мулгуурсан ч өөрийнхөөрөө
Сэтгэлдээ сэвгүй өөрийнхөөрөө
Уярсан ч уйлсан ч өөрийнхөөрөө
Ухаарч урагшилсан ч өөрийнхөөрөө
Унаж боссон ч өөрийнхөөрөө
Хайрлаж үзэн ядсан ч өөрийнхөөрөө
Хатуурхаж догширсон ч өөрийнхөөрөө
Хайлж урссан ч өөрийнхөөрөө
Хатаагдаж ширээгдсэн ч өөрийнхөөрөө
Өнгөт энэхэн хорвоогийн хэдэн живаа хүнээс
Өөрийн өнгөөр ялгарахгүй юм бол хүмүүн болсны хэрэг юусан
Өөртөө итгэхгүй бол хэн надад итгэх вэ
Өөртөө үнэнч байж чадахгүй бол хэн надад үнэнч байх вэ
Тусдаа өөрийн толгойтой учир
Тусдаа өөрийн зүрхтэй учир
Тусдаа өөрийн Өвгөдтэй учир
Тусдаа өөрийн замтай учир
Хэнийг ч даган дуурайхгүй зөвхөн өөрийнхөөрөө
Хэнд ч зусардаж бялангачлахгүй зөвхөн өөрийнхөөрөө
Хэнийг ч гуйж царайчлахгүй зөвхөн өөрийнхөөрөө
Хэнийг ч буруутгаж шүүхгүй зөвхөн өөрийнхөөрөө
Өөрөө өөртөө хамгийн үнэнч анд нь
Өөрөө өөртөө хамгийн хорлонт дайсан нь
Өөрөө өөртөө хамгийн найдвартай түшиг нь
Өөрөө өөртөө хамгийн хуурамч найдвар нь
Би өөрийнхөөрөө тодоос тод гялалзаж ч болно
Бүдэгхэн сүүмэлзээд унтарч ч болно
Бүүр сүүмэлзэх  ч үгүй байж болно хамаагүй ээ
Би өөрийнхөөрөө байж чадваас байсны минь хэрэг сая бүтнэ




0 сэтгэгдэл:

Kommentar veröffentlichen