Breaking News
Loading...
05.11.2013

 "Үгээ үйл болго
Үйлээ үнэн болго"                                                                                                                    
Буурлын айлдвар


Уриа лоозон хашхираад амьдрал сайжрахгүй
Уйлж дуулж гаслаад зовлон чинь нимгэрэхгүй
Утга учиргүй зүхээд зэтгэрийг хөөхгүй
Уурлаж уцаарлаж бачимдаад бугшмалыг арилгахгүй
Өнгөрснийг дурсаж омогшоод өнөөдөр өөрчлөгдөхгүй
Өндөр алдрыг нь дурьдсанаар Өвгөдийн зэрэгт хүрэхгүй
Өөрийгөө ялаагүй цагт бусдыг дагуулахгүй
Өөрийгөө олоогүй цагт хорвоог танихгүй
Гар хумхин суугаад гайхамшигийг бүтээхгүй
Гадаа гэртгүй цэцэрхээд гэгээрэлд хүрэхгүй
Ганихарч алмайрч суугаад мөнх амьдралыг олохгүй
Гавал тархиа ажиллуулж гар хөлөө хөдөлгө
Нартад амьдрах насны чинь тоо хэмжээтэйг сана
Наргиж цэнгэж дургих гэж ирээгүйгээ ухаар
Нэхэл дагал болох өр үлдээхгүйгээр амьдар
Нэр үлдэж бие үхдэгийг санаж нэр төрөө эрхэмлэ
Хийх үйлээ мэдсэн бол хойш тавилгүй эхэл
Хийх үйлээ мэдэмгүй бол хайж бэдэрч ол
Хүнд хэмээн шантралгүй хөнгөн хэмээн омтгойтолгүй
Хийж буй үйлдээ сэтгэлээ шингээж дархал
Зүрх сэтгэлийнхээ дуудлагыг олж танин сонс
Зуурдын хийгээд үүрдийн андуудаа ялгаж салгаж сур
Зугаа цэнгэлд урьсан урхинаас мултарч сур
Зуун жил болсон ч хувиралгүй хэвээрээ бай
Улааныг үзэн урваж шарыг үзэн бүү шарва
Урагшгүй дорой царайлж өөрийгөө бүү гутаа
Учрах шалгуур сорилуудыг уужим сэтгэж дав
Угтах замаа тосон итгэлтэйгээр урагшил
Нэгэн үзүүрт сэтгэлээр холбиролгүй зүтгэ
Нэгэнт олсон замаасаа хазайж бүү ухар
Нэгэн насны жаргалыг жаргалд бүү тооц
Нөмрөөд өнгөрөх зовлонг зовлонд бүү тооц










0 сэтгэгдэл:

Kommentar veröffentlichen