Breaking News
Loading...
11.11.2013

Хүний хорвоо хүлээлтээр дүүрэн
Хүслээ биелэхийг хүлээнэ
Хүрээд ирэхийг нь хүлээнэ
Хүсээгүй бүхнээ арилан одохыг хүлээнэ
Аз жаргалыг хүлээнэ
Авралыг аврагчтай нь хүлээнэ
Амжилт бүтээлийг хүлээнэ
Амьдралаас уйдсан нь үхлээ хүлээнэ
Сайн мэдээ хүлээнэ
Сайхан амьдралыг хүлээнэ
Санаа зовох зүйлгүй болохыг хүлээнэ
Сарниж одсон зүүдээ эргэн ирэхийг хүлээнэ
Зовлонгоо дуусахыг хүлээнэ
Зоргоор чөлөөтэй болох мөчөө хүлээнэ
Золгүй тохиолдлууд дуусахыг хүлээнэ
Зөн совингоо шивнэхийг хүлээнэ
Учир нь олдохгүй бүхний хариуг хүлээнэ
Учир битүүлэг бүхний учир олдохыг хүлээнэ
Учирснаасаа илүүг хүлээнэ
Учрах ёсгүйгээ ч хүлээнэ
Маргаашийн нарыг хүлээнэ
Маргааш болох эсэхийг мэдэхгүй ч хүлээнэ
Мөрөөдлөө биелэхийг хүлээнэ
Мөдхөн ирэх аз жаргалыг хүлээнэ
Заяаны ханиа хүлээнэ
Заяа тавилангаа сайнаар эргэхийг хүлээнэ
Зайлшгүй ирэх ёстой хэмээн байхгүй бүхнийг хүлээнэ
Заавал байдаг хэмээн байхгүй зүйлийг ч хүлээнэ
Хэзээ ч ирэхгүйг нь мэдсээр атал хүлээнэ
Хэзээ ч биелэхгүйг нь мэдсээр атал хүлээнэ
Хүлээлт гэдэг нь итгэл найдварын тасархай юм
Хүний амьдралыг хөдөлгөгч гол хүч нь юм
Сэтгэлд багтсан бүхэн хүлээлт дагуулна
Сэтгэлээс ургасан бүхэн хүлээлт үүсгэнэ
Сэтгэл хэмээгч нь өөрөө хүлээлт юм
Сэрж мэдэрч үргэлж шинийг хайсан хүлээлт юм

0 сэтгэгдэл:

Kommentar veröffentlichen