Breaking News
Loading...
03.05.2013





Алтай баатар эцэгтэй
Аргамаг хүлэг морьдтой
Ай түмэн баатруудтай
Ачит хан эцэг минь
Үлгэр домгийг амилуулсаар
Үнэн түүхээ сэргээсээр
Үйл хэргээ үргэлжлүүлэхээр
Үндэс угсаагаа мандуулахаар
Дөмөн дөмөн хүлгээрээ дөмөлзүүлэн хатируулсаар
Дөрвөн түмэн Ойрадаа тэргүүлэн ирлээ
Дөтлөн ирэх бараанаар нь
Дайснууд нь хэрдхийн цочив
Сүр сүлд нь зайлж
Сураг чимээгүй талийв
Сайн нөхөд нь баясаж
Саравчлан саравчлан өндөлзөв
Тэнгэрийн хуур-товшуур минь
Тэнгэр газрыг холбонхон дуурьс
Тэнгэрлиг Дээдсүүдийн замыг хурайлан уянгал
Тэнхээ чадлыг нь тэтгэн тэтгэн эгшиглэ
Алтай Хаанаас тасалсан
Ариун гал минь бөхөшгүй
Аав ээжээс өвлөсөн
Алтан нутаг минь халдашгүй
Хаан Алтай эцэг минь
Хан буурал аав минь
Хатан зоригт өвгөд минь
Хөх Монголыг минь ивээж хайрла
Үрс балчруудаа манаж
Үйл юуг нь дэмнэж
Үг хэлийг нь цэгцэлж
Үндэс мөчрөө бөхөлж хайрла
Хурай Хурай Хурай
Хурай Хурай Хурай
Хурай Хурай Хурай










0 сэтгэгдэл:

Kommentar veröffentlichen