Breaking News
Loading...
02.12.2013

Цаг хугацаа бүхнийг харуулна
Цагаан сүү мэт хайрын сэтгэл бүхнийг дийлнэ
Цаг нь болохоор бүх зүйл тодорхой болно
Цагаан гэрлээс бүх зүйл үүссэн нь ил болно
Эхийн цагаан сүүтэй хамт хүмүүн хайрын сэтгэлээр амлуулдаг юм
Энэхэн биеийг нь цагаан гэрэл хучин бүрхдэг юм
Эргэх орчлонгийн жамаар гэрэл сүүдэр ээлжилдэг юм
Эрээн бараан, хар бүхэн тосоод бас авдаг юм
Хайрын сэтгэл гэдэг эмзэг ариун байдаг юм
Хогийн ургамал адил хаа сайгүй ургадаггүй юм
Хар муу бүхэнтэй зэрэгцэн оршиж чаддаггүй юм
Хиртэж сэвтсэн бол чимээгүйхэн дайждаг юм
Эзэн нь хэрвээ мунхаг бол
Энэ биеэ хайрладаггүй бол
Элдэв мууд автсан бол
Эзнээ голон зугтаад
Зүрхнийх нь буланд нуугдан сэхээрэх цагийг нь хүлээгээд
Зүүрмэглэнхэн байдаг юм
Зөв бодол, зөв үг, зөв үйл тэтгэж түүнийг дэмнэдэг юм
Зөв амьдрал сайн сайхан руу сэрээн дуудаж байдаг юм
Хайрын сэтгэл гэхдээ хэзээ ч бөхөж унтардаггүй юм
Хэрэгтэй үедээ сэргээд дийлдэшгүй хүчийг олдог юм
Хар муу бүхнийг байх газаргүй болгодог юм
Харанхуйг гийгүүлэх гэрэл болж хан хорвоог гэрэлтүүлдэг юм
Амьдрал гэдэг дан авах хожихын нэр биш
Авдаг юм, өгдөг юм, хождог юм хожигддог юм
Аваа өгөө хоёр нь эцсийн дүндээ тэнцдэг юм
Авсаныхаа хэрээр өгдөг юм өгсөнийхөө хэрээр авдаг юм
Зүрхнийхээ тольт руу өнгийж нэг үзээрэй
Зурвасхан ч гэсэн гэрэл байвал тордож түүнийг асаагаарай
Заваарч бохирдсон байвал цэвэрлэж гялалзуулаарай
Зул адил гэрэлтүүлж түүдэг болгон ноцоогоорой
Хэцүү бэрх зовлонтой тулгараад
Хэрхэхээ мэдэхгүй мухардах үед
Хар бүхнийг цагаан ямагт дийлдэгийг санан байж зоригжоорой
Хатуужил тэсвэрээ хурцлан хэсэгхэн зуур тэвчээрэй
Цаг хугацаа бүхнийг харуулна
Цагаан сүү мэт хайрын сэтгэл бүхнийг дийлнэ
Цаг нь болохоор бүх зүйл тодорхой болно
Цагаан гэрлээс бүх зүйл үүссэн нь ил болно





0 сэтгэгдэл:

Kommentar veröffentlichen