Breaking News
Loading...
09.04.2013




Нисдэг Балчир хэмээгч миний улаач болсон түүх


Миний бие өнгөрсөн зууны 70-аад оны сүүлээр социализмын төгсгөл үеэр Улаанбаатар хотноо эцэг эхийнхээ ууган хүү болон мэндэлж ясли, цэцэрлэг, сургуулиар дамжин бурхангүйн үзлээр өсөж хүмүүжсэн нэгэн билээ. Монгол улс ардчилал, зах зээлд шилжсэн хүнд хэцүү, өлөн зэлмүүн үед өсвөр насаа өнгөрөөгөөд тухайн үед ид моодонд ороод байсан МУИС-ийн ОУХДС /Олон Улсын Харилцааны Дээд Сургууль/-ийн элсэлтийн шалгалтыг өгтөл авсан оноо маань хангалттай байсан боловч хармааны оноо буюу 10 жилийн дунд сургуулийн дүнгийн дундаж хангалтгүй байсан тул улаан шугамны яг доогуур таслагдчихав. Учир нь би дунд сургуульд байхдаа математик, геометр, физик зэрэг хичээлүүддээ улаан нойл харин түүх, монгол хэл, уран зохиол зэрэг нийгмийн ухааны хичээлүүдэд дур сонирхолтой, илүү сайн байсан бөгөөд математик, геометр, физикийн хичээл дээр дунд дүнтэй төгссөн байсан юм. Ингээд өвөө /ээжийн аав/ Я.Мижидгомбо маань МУИС-ийн ректор байсан Дорж гуайтай утсаар ярьж байж намайг ОУХДС-д элсүүлэх зөвшөөрөл авч өгсөний дагуу ОУХДС-ийн дэд захирал байсан Нямаа дээр ороход шууд герман хэлний 1-ийн Б бүлэгт хуваарилсанаар миний цаашдын амьдрал зам мөр шийдэгдэх нь тэр ээ. Хэрвээ би МУИС-ийн герман хэлний ангид ороогүй байсан бол амьдрал маань өдийд ямраар эргэсэн байх байсныг таашгүй билээ. Амьдралын минь чухал үед шийдвэрлэх нөлөө үзүүлсэн буянт өвөөдөө талархаад баршгүй.
Би багаасаа уран зохиолын тэр дундаа түүхэн ном унших дуртай хүүхэд байв. 1, 2-р ангид байхдаа л Зүрхний хилэн, Газар шороо, Болор толь зэрэг түүхэн романуудыг гүйцэд ойлгосон юмгүй ч уншиж суудаг байв. Аав маань сэтгүүлч хүн учраас баялаг номын сантай тийм ч болоод би номтой ойрхон өссөн. Дунд ангид байхдаа зураач Т.Мандир гуайн 21 хөрөг гэдэг жижиг номыг уншсан маань надад гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн юм. Уг номонд Их Монгол улсын түүхтэй холбоотой 21 алдартны тухай товчхон хөрөг найруулал хэлбэрээр өгүүлсэн байдаг бөгөөд хамгийн гоё нь тэдгээр алдартны гайхалтай сайхан зурсан хөрөг зургууд байсан юм. Би энэ жижиг номонд багтсан баатруудыг Мандир гуайн зурсан тэр л хөрөг зургаар төсөөлж дахин дахин уншихдаа аугаа өвөг дээдсийнхээ баатарлаг түүхээр бахархаж өөрөө 13-р зуунд очсон мэт баясан догдолдог байлаа. Номтой ойр байсны ачаар би эх түүх, хэл соёл, баатарлаг өвөг дээдсээрээ бахархдаг эх оронч үзэлтэй нэгэн болж хүмүүжсэн гэж боддог. Мөн шинэ соргог, олон талын мэдээлэл цуглуулах, дүгнэн шинжлэх, аливаа зүйлийн цаад учир шалтгааныг олж мэдэх дуртай болсон.
Миний бие МУИС-д суралцсаныхаа дараа ХБНГУ-ын Берлин хотод 6 жил гаруй амьдарч суралцаад 2003 оны 12-р сард эх орондоо эргэж ирсэн.
2005 оноос одоог хүртэл нэгэн хувийн даатгалын компанид герман хэлний орчуулагчаар ажиллаж байна.



Би МУИС-д хамт сурч байсан нэгэн бүсгүйтэй Германд илүү ойртон танилцаж хайр сэтгэлийн холбоотой болсоор олон жилийг өнгөрөөсөн юм.
Тэр бүсгүй маань 2010 оны намар Монголд түр хугацаагаар ирээд буцахдаа миний үрийг тээсэн байлаа. Би үртэй болохыг маш их хүсэж өвөг дээдсүүдээсээ үр гуйж байсан болохоор энэ мэдээг туйлын баяртай хүлээж авав. Хачирхалтай нь найз бүсгүй маань бие давхар болсноосоо хойш танихын аргагүй өөрчлөгдөж, ааш зангаа 180 хэм хувиргаад миний тухай сонсохоос ч дургүй болж надаас холбоогоо таслав.
... 2011 оны зун найз бүсгүй маань Германы Штуттгарт хотод эсэн мэнд амаржиж би 3850 грамм жинтэй нуган үртэй боллоо!!!
Удам залгах хүүтэйгээ одоо болтол уулзаж, хүүгээ тэвэрч зулайг нь үнэрлэж чадаагүй яваа ч Тэнгэр эцгийн ивээлээр хүүтэйгээ хамт элэг бүтэн амьдрах цаг удахгүй ирнэ гэж итгэнэ.
Найз бүсгүй маань эгч нь архинд ороод болохоо байхаар нь нэгэн бөөд үзүүлтэл даруйхан угаа авах хэрэгтэй, тэгэхгүй бол хүний амь насны гарзтай гэлээ гээд надад хандсан юм. Би найз бүсгүйнхээ эгчийг найдвартай бөөгөөс асуух санаатай 2011 оны 2-р сард бэрийнхээ /дүүгийн эхнэр/ нагац ах болох Налайхд байдаг зайрантай уулзтал чи хүнд санаа зовж явахаар өөрийнхөө учрыг эхэлж олох хэрэгтэй, чи сахиустай юм байна гэдэг үг сонсов. Гэхдээ би угтай гэдгээ сонсоод нэг их гайхаж самгардсангүй сонсох ёстой юмаа л сонссон мэт хүлээж авав.
Учир нь бүр хар багаасаа л би бусдаас өөр юм шиг өөр даалгавар, учиртай төрсөн юм шиг санагддаг байв. Гэхдээ угтай гэдгээ сонссоноос хойш бөөгийн тухай байнга бодогдоод тайван суух аргагүй болж бөөгийн талаар мэдээ мэдээлэл цуглуулах санаатай интернетийг ухаж хайсаар дархад бөө, халх бөө гэдэг 2 блогийг байнга уншдаг болсон байв. Үүнээс өмнө би бөөг шүтэж биширдэггүй ч гэсэн үгүйсгэдэггүй тэр талаар тоймтой тодорхой ойлголтгүй байсан юм. Энд тэндгүй олон бөө тодорч нийгэмд бөөгийн нэр хүнд шалдаа унасан хамгийн үл бүтэх архичин, өвчтэй солиотой хүмүүс бөө болдог гэсэн буруу ойлголт тогтсон байсан үе юм. Эдгээр блогийн уншигчдын сэтгэгдэл дунд Эзэн Чингис хаан улаачдаа буусан гэнэ, улаачыг нь Аянга удган гэдэг гэх зүйлс бичигдсэн байсныг уншиж байсан ч тухайн үед яг ш дээ гэж бодоод л өнгөрч байв. Тэр үед янз бүрийн албин тийрэнгүүд өндөр Дээдсүүд, Хаадын нэрийг барин жүжиглэдэг гэж уншиж байсан тул тэдний иэг л биз гэж бодож байв. Ингээд би үнэхээр угтай юу? угтай гэж юу гэсэн үг вэ? би хэн бэ? яагаад заавал би гэж? гэсэн олон асуултууддаа хариулт авахаар дархад зайран Эрдэнэ болон өөр нэгэн зайранд үзүүлтэл Эрдэнэ зайран: Нэг юм байх нь байна, луу жил гарахаар мэдэгдэнэ нөгөөх нь ээжийн талаас угтай одоо даруйхан авахад болно гэв. Энэ зуур интернетээр эрэл хайгуулаа үргэлжлүүлсээр Тэнгэрхүүгийн Эзэн Богдтой хөөрөлдсөн бичлэг мөн Дуулин блогийг олж нээв.
Дуулин блогоор дамжин Аянгат Удганы блог руу орон уншиж эхэлсэн бөгөөд Эзэн би эргэн ирлээ, Тэнгэрийн Гэрэл, Эзэн Богдын бөө нарт хандсан айлдваруудыг уншихад аргагүй л Их Эзэн Богд маань л ингэж айлдана даа гэж бодохоор цэцэн цэлмэг, уран яруугаар үнэнийг өгүүлсэн байсан нь итгэлийг төрүүлэв.
Ингээд блогийг уншихад урьд өмнө огт уншиж сонсож байгаагүй ер бусын, хачин итгэмээргүй түүхүүд хөвөрч далд ертөнц, сүнсний тухай ямар ч ойлголтгүй миний гараар барьж нүдээр үзсэнээ л үнэн гэж боддог шинжлэх ухаанч, хайрцаглагдсан сэтгэлгээтэй минь зөрчилдөж эхлэв. Тэгсэн хэдий боловч Аянгат Удганыг бүрэн үгүйсгэж чадахгүй ямар нэгэн шижмээр татагдаад байх шиг болон блогийг нь үргэлжлүүлэн уншсаар энэ үл итгэм түүхтэй хүнтэй холбоо тогтоомоор энэ хүн л миний асуултуудад бүрэн дүүрэн хариулж чадах юм шиг санагдаад байх болов. Дуулин блогт Аянгат Удгантай фейсбүүкийн Чингисийн Монгол бүлхэмээр дамжин холбогдох боломжтой гэж бичсэнийг уншаад фейсбүүкийг огт ойшоодоггүй хэзээ ч нээхгүй гэж боддог байсан хүн маань Аянгат Удгантай холбогдохын тулд 2011 оны 9-р сарын 22-нд фейсбүүк-т данс нээж Чингисийн Монгол бүлхэмд элсэж Аянгат Удгантай найз болов.
Ингээд Аянгат Удганаас мейл хаягийг нь аваад захиа бичив. Захиандаа юун түрүүнд намайг угтай үгүйг шалгаад өгөөч гэж гуйлаа. Аянгат Удган ч төд удалгүй ирүүлсэн хариу захиандаа хүнийг угтай, уггүй гэж хэлэх маш хариуцлагатай зүйл мөн түүнчлэн би гадаадад байгаа өөртэй чинь уулзах боломжгүй учраас найдвартай хүн зааж өгье гээд багшынхаа болон хүү зайрангийнхаа утасны дугаарыг явуулсан байв. Үүний дагуу Удганы багштай очиж уулзахад мөн л угтай гэхдээ угаа авах хугацаа хараахан болоогүй гэсэн хариу сонсов. Үүнээс хойш Аянгат удганд хэд хэдэн удаа захиа бичсэн бөгөөд Удган ч их ажлынхаа хажуугаар тухай бүрд нь хариу бичиж байлаа. Намайг анх Чингисийн Монгол фейсбүүк бүлхэмд элсэж ороход бүлхэм маань 30 хүрэхгүй гишүүдтэй Аянгат Удган маань үе үе орж ирж гишүүдтэйгээ чатлаад гардаг байв. Би анх дөнгөж бүлхэмд элсэнгүүтээ чатаар та нар Аянга удганы түүхэнд итгэдэг үү? Хүн итгэхээргүй сонин түүх шүү гэж асуугаад Тэнгэрхүүгийн дургүйг хүргэж байлаа.
Чингисийн Монгол бүлхэмд ороход анхнаасаа л халуун дулаан, өөриймсөг, гэртээ ороод ирсэн мэт сэтгэгдэл төрж байсан бөгөөд өргөөний андууд маань ихэнх нь өөрсдийгөө угтай гэж мэдээгүй нэгдсэн залуучууд байв. Энэ цагаас хойш би гэдэг хүн улаан фейсбүүкчин болж өдөржин фейсбүүкт бүлхэмийнхэнтэйгээ чатлаж Аянгат Удганыг харуулдаж суудаг ажилтай болов. 2011 оны 10-р сарын 6-нд Аянгат Удган Чингисийн Монгол бүлхэмийн гишүүдтэй анх удаа онлайн уулзалт хийж засал хийх болоход Эзэн Богдын сургаалыг сонсох боломж олдох нь хэмээн баярлаж нэрээ бүртгүүлчихээд ажлаа тараад очихоор явж байхдаа анх намайг угтай гэж тодруулсан зайрангийн энд тэндхийн бөө нар дээр хамаагүй очиж болохгүй гэж хэлсэн санаанд орон очих уу болих уу гэж өөрөө өөрөөсөө асуун дотор хүнтэйгээ тэмцэлдэж байгаад  зам хазайн гэрийн зүг явж одсон билээ. Гэртээ ирсэн хойно Тэнгэрхүү утасдахад нь утсаа авахгүй гүрийгээд ажил гарсан тул очиж чадахгүй болов гэж мессеж бичиж орхив. Ингээд сэтгэл зүрхнийхээ эсрэг шийдвэр гарган худлаа хэлчихээд орон дээрээ хэвтэж байхад буруу зүйл хийснээ мэдрэн зүрхээр хатгуулан байв.






2011 оны 10-р сарын 9.
Чингисийн Монгол бүлхэмийнхэн шинэ эриний Хаан уул Зүрх Хайрханыг тахихаар явахад би мөн л гэртээ үлдэж хоцров. Урд шөнө нь зүүдэнд нэгэн удган ирээд чи Үнэгэд омгийнх шүү гэж хэлээд хэсэг хүмүүс дээр дагуулж очив гэж зүүдэлж сэрээд Үнэгэд гэж бичээд гүүглдтэл Батмөнх Даян   хааны отгон хүү Гэрсэнз хунтайж 7 хөвгүүддээ Халхыг 12 хуваан захируулахдаа ууган хүү Ашихайдаа Жалайр, Үнэгэд отгыг өгсөнөөс 3 олхунуд, 5 хотгойд хошуу үүсэж салбарласан гэж бичсэн байв. Ээж маань хотгойд ястай хүн учраас өөрийгөө бас ор үндэстэй зүүд зүүдэлжээ гэж бодоод сууж байтал Аянгат Удган маань фейсбүүкт ороод ирэв. Манайхан Зүрх Хайрханаа тахихаар явсан тул фейсбүүк хүнгүй сэлүүхэн байв. Би энэ боломжыг ашиглаж Аянгат Удгантай /тэр үед Дээдэс гэж дуудаж хэвшээгүй байв. Цаашид Дээдэс хэмээн бичих болно./ тухтай чатлахдаа урьд шөнийн зүүдээ ярьж өгөөд Үнэгэд гэдэг отгийн тухай мэдэх эсэхийг нь асуухад  гүүгл дээр байсан бүх л мэдээллийг хоромхон зуур хэлж өгсөн нь алмайруулав. Ингэж би Дээдсээсээ алтан ургийн улаач болох учиртайгаа мэдэж авсан билээ. Дээдэс энэ өдөр надтай 2 цаг гаруй чатлахдаа өвөг дээдсүүд болох онгодууддаа хэзээ ч архиар өргөл өргөж болохгүйг анхааруулаад онгодууддаа зөвхөн цай сүүний дээж идээ будаагаа өргөж бай гэв. Мөн багшаа сонгохдоо маш хянамгай няхуур байх нь чухал бөгөөд хамаа намаагүй хүн дээр очиж болохгүй, онгод хэдий өндөр ч ёроолоосоо нурдаг хичнээн алтан ураг мянган сайн багш байгаад улаач өөрөө урагшгүй тэнэг бол нэмэргүй гэх зэргээр алтан сургаалиа харамгүй хайрласан билээ. Тэгээд намайг өөрийн багш зайрангаар замчлуулахаар оролдохыг зөвлөв. Энэхүү миний хувьд түүхт өдөр Дээдэстэй чатласан бичлэгийг миний бие баримтжуулан хадгалсан байгаа.
Дээдэс маань фейсбүүкт бидэнтэй харьцахдаа Тэнгэр Монгол Газар дуудлагаа /цаашид ТМГ дуудлага гэх/ дуудаж биеэ эрчимжүүлэх хэрэгтэйг мөн нар, сар, од эрхэс, чулуу шороо бүгд амьтайг хэлж сургадаг байв. Мөн Тэнгэр Монгол Газар дуудлага, нар, сар амьтайг батлан баримтжуулж зураг авах хэрэгтэй гэсний дагуу Гэрлийн өргөөнийхөн маань ТМГ дуудлагаа хэлж нар, сарны зураг авсанаа фейсбүүкт байршуулдаг болов. Зургууд дээр ТМГ дуудлага хэлэхийн өмнө болон дараа нар сарны хэлбэр дүрс, өнгө, туяа нь илт мэдэгдэхүйц өөрчлөгдсөн байгааг харан баясаж бие биеэсээ суралцан биенээ урамшуулдаг байлаа. Ингэж л Дээдэс маань ирээдүйн гэрлийн дайчдаа бэлдэж эхэлж байсныг тэрхэн үед бидний мунхаг үрс хэрхэн мэдэх билээ.
Миний бие 2011 оны 11 сарын 25-нд Дээдсээс сурсан Наран ижийн дууг дуулаад ТМГ дуудлага хэлэхийн өмнө болон дараа нь нарны зургийг авахад дараа авсан зурган дээр үүл манан мэт зүйл гарсанаас өөр онцын өөрчлөлт ажиглагдсангүй. Тэгсэн хэдий боловч зургуудаа фейсбүүкт байршуулчихав. Дээдэс зургуудийг маань үзчихээд үүлний зураг авсан байна Нисмэлээ /Тодруулга: Молхи миний бие Тэнгэрхүүгээс Дээдсийн бичсэн Тэнгэр Монгол Газар номыг авахаар ажлаа тараад тухайн үед Тэнгэр Монгол Үнэн ТББ байрлаж байсан УБ банкны шилэн байр луу 500 метр хүрэхгүй газар алхаж очтол бидэнтэй чатлаж байсан Дээдэс энэ чинь саяхан гарлаа гэсэн тэр дороо оччихсон байна, Нисдэг балчир юм байна гэж өхөөрдөж хэлсэнийг би Дээдсийн хайрласан нэр учиртай байж таарна гэж билэгшээн өөрийгөө Нисдэг Балчир хэмээн аймшиггүйгээр нэрлэх болж Дээдэс ч намайг үе үе Нисмэлээ гэж дуудах болсон билээ/ гэж сэтгэгдэл бичсэн байв.
Би зураг авах үед үүлгүй цэлмэг байсан гэж хариу бичтэл Дээдэс хэсэг хугацааны дараа энэ чинь наран дагинуудын зураг байна, их ховор зураг авч чаджээ, баяр хүргэе гэж бичсэн байв. Би гайхах баярлах зэрэгцэн зургаа дахин нягтлан хартал нээрээ л олон хүний дүрс тэр дундаа намирсан урт үстэй нэгэн гоо дагинын дүрс тод гарсан байгааг ялган харж чадлаа. Ингэж би нар амьтай болохыг өөрийн биеэр үзэж мэдрэн Дээдэстээ улам илүү итгэх болсон билээ.
Онгод буурлууд гар утсаар ярьж, орчин үеийн техникийг эзэмшиж болохгүй чадах ч үгүй гэдэг хэвшмэл ойлголтыг няцааж Эзэн Богдын бичгийн их түшмэл онго фейсбүүкт Гэрлийн Өргөөнийхөнтэй хэдэнтээ чатлаж сургаал юугаа хайрлаж байсан билээ.
Онгод тэнгэртэй гэдгээ баталгаажуулсан миний хувьд сайн замчлагч олох асуудал хамгаас чухал болов. Гэрлийн Өргөөнд хүмүүс нэмэгдэж элссээр өргөөний олон үрсүүд ч эгэл биш нь тодорсоор л байлаа. Гэрлийн Өргөөнд нэгдсэн болгон угтай онгод тэнгэртэй нэгэн болж хувирах нь гайхмаар Тэнгэр ямар агуу болохыг биширмээр.
Дээдэс маань өргөөний олон үрсэд найдвартай замчлагч олж өгөхөөр сэтгэл юугаа чилээж өөрийн багшийг зааж өгөн явуулж байв. Гэвч Дээдсийн багшаар замчлуулахад нэлээд өндөр өртөгтэй байсан тул өөр замчлагч хайх хэрэгтэй болов.
Тэгээд Хархай Суурь жанжны улаачид золгоход хар Сугар өвөө эхлээд замчлая гэж зөвшөөрсөн байсан боловч  дараа дахин золгоход өөрийн улаачыг залаалсан Балжаа өвөөгийн улаачыг зааж өгөв. Балжаа өвөөгийн улаачтай хоёр ч удаа уулзаж онгодод нь золгосон боловч улаач босгодог арга барил нь таалагдаагүй тул болив. 2011 оны 11-р сарын үед Сэлхэнцэг гэдэг билгийн мэлмий нь нээгдсэн олон жил бөөлж байгаа мундаг удган Гэрлийн өргөөнд нэгдэж хоёр ч удаа бидний хуралд ирсэн сураг дуулдав. Тэгэхдээ тэнд цугласан хүмүүсийг дагаж яваа онгод тэнгэрүүдийг тольдож өнгөтөөр ярьж өгсөн нь манайхныг бишрүүлсэн байлаа. Сэлхэнцэг Удган Эзэн Богд Улаачдаа залрах гэж буйг 2011 оны 1 сарын үед хамгаас түрүүнд мэдэж онгодуудынхаа даалгавраар түүнд бэлдэж байсан бөгөөд Дээдсийг эрж хайсаар яваад Гэрлийн Өргөөнд нэгдсэн байв.
Дээдэс Гэрлийн өргөөний босох улаачдыг ерөнхийд нь Сэлхэнцэг Удганд хариуцуулахаар шийдэж түүнийг Гэрлийн Өргөөний зөвлөх Удган болгов.
Сэлхэнцэг удганы тухай сонссон даруйдаа түүнтэй уулзмаар санагдаж хэдий орой болсон байсан ч үеэлээ гуйж машинаар нь Налайх руу явлаа.
Сэлхэнцэг удганы гэрийг хайсаар очтол шавилхан биетэй залуухан бүсгүй угтлаа. Би хэрэг зоригоо хэлээд угаа авч улаач болоход минь тусалж багшилж өгнө үү гэж гуйтал багшлах гэхээсээ илүүтэй тэнгэрт босоход минь замчилж өгөхөөс татгалзах зүйлгүй гэдэг хариу сонсоод нэгэн том ажилаа амжуулж сэтгэл уужрав.









2011 оны 12-р сарын 25-нд Гэрлийн Өргөөнийхөн шинэ жилээ Хандгайтад монгол гэрт архи дарсгүй тэмдэглэв. Нарандаа, хангай дэлхийдээ, Онгод Буурлууддаа идээ будаа, цай сүүнийхээ дээжийг өргөөд Онгод Буурлуудын таалдаг дуунуудыг дуулж Үлгэрч балчир морин хуураа эгшиглүүлэн, хорхог идэж нэгэн өдрийг мартагдашгүй сайхан өнгөрөөсөн билээ. Бидний баяр дээр баяр нэмж Эзэн Богд 9 өрлөгөө дагуулан морилсон бөгөөд тэнд цугласан үрс бүгд Эзэн Богдод алдар нэрээ хэлэн мэхийн ёсолж адис авсан. Мөн Эзэн Богд үрсүүдэд гал шившин үлдээснийг Сэлхэнцэг Удган багц болгон тараав. Сэлхэнцэг Удган улаач болох үрсүүдийг босгох асуудлыг Эзэн Богд өөрт нь итгэж хариуцуулсаныг сонордуулаад үрс хамгийн гол нь дороо суурьтай, дотроо бодолтой, туйлбартай байх хэрэгтэй гэдэг Эзэн Богдын захиасыг дамжуулж хэлэв. Энэ захиас ямар чухал байсныг хожим болсон үйл явдлууд харуулсан билээ. Сэлхэнцэг Удганаар замчлуулах, угаа тодруулуулах үрсүүд багц болон хуваагдав.
2011 оны 1-р сарын эхээр Сэлхэнцэг удганаар угаа тодруулуулж хуяг хувцасаа зэхэж босох бэлтгэлээ хийж эхлэв.
2012 оны 4-р сарын 7. Зүрх Хайрханы тахилга.
Энэ өдөр Гэрлийн өргөөнийхөн Зүрх Хайрханаа тахихаар нийт 70-аад хүн цуглан хөдлөв. Тахилгын үеэр чухал үйл явдал болох тул өргөнөөр оролцоорой гэж зарласан байсан тул олон хүн цугласан байлаа. Зорьсон газраа хүрээд бүгд Хайрхандаа идээ будаа, цай сүүгээ өргөсний дараа Тэнгэрхүүгийн зааварчилгаагаар хагас тойрог болон суугаад нарандаа залбираад газар эхээс эрчим авахаар бүгд толгойгоо газарт наан тонгойлоо. Гэнэт хэнгэрэгний бүдэг дуу сонсогдож эхлэхэд дотроо Сэлхэнцэг удган оройтож морилоод бөөлж эхэлж байгаа юм байлгүй гэж бодоод нэг их тоосонгүй. Газар эхээс эрчим авахдаа толгойгоо газраас хөндийрүүлж болохгүй гэсэн зааварчилгаа авсан байсан тул өндийж харж болохгүй байв. Гэтэл миний урд, хойно хүмүүс шивэр авир хийгээд эхэр татан уйлах нь сонсогдож нэгэн эмэгтэй чангаар инээж эхлэхэд тэсэлгүй толгойгоо өндийлгөн харвал Дээдэс хуяг хувцастайгаа гэгээн дүрээрээ сууж байх нь тэр ээ...
Ингэж бид Дээдэстэйгээ учран золгосон юм. Энэ өдрийг хүртэл бидний дунд Тэнгэрхүүгээс өөр Дээдэстэй уулзаж учирсан хүн байгаагүй бөгөөд бүгдийнх нь хувьд Эзэн Богдын улаач ямар хүн байдаг нь оньсого таавар мэт нууцлаг байсан юм. Гэрлийн өргөөнийхөн Дээдсийг огт хараагүй таньж мэдэхгүй мөртлөө блогийг нь уншин итгэл үнэмшлээрээ Гэрлийн өргөөнд нэгдсэн бөгөөд бүгд дор бүрнээ Дээдсийг өөр өөрийнхөөрөө төсөөлж ирсэн буй за. Дээдэст эхлээд чанга чанга инээсэн хатан онго заларч биднийг Тэнгэр ээж минь өршөө гэдэг дууг дуул гэхэд хоолой зангиран өөрийн эрхгүй уйлмаар болж байв. Дараа нь Эзэн Богд улаачдаа залраад эхлээд нарандаа мөргөж  хүндэтгэл үзүүлсэний дараа үрс бидэнтэйгээ хамгийн ахмад настайгаас нь эхлэн золгож эхлэв. Энэ үед хүмүүсийн сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрч бүгд Эзэн Богдыгоо тойрон бүчээд хэлсэн үг бүрийг нь алдалгүй сонсохыг хичээж байлаа. Би ч Эзэн Богдод аль болох ойрхон байж байгаад золгохыг хүсэж байсан боловч боломж гарч өгөхгүй л байлаа. Тэгтэл Эзэн Богд үрс бидэнтэй хөөрөлдөж байгаад мутраараа Зүрх Хайрхан тийш заахдаа санамсаргүй миний тэргүүнд хүрчихэв. Эзэн Богд надад хандан: Өө өршөөгөөрөй үр минь гэхэд би самбаачлан сэтгэл догдлол, айдас түгшүүрээ дарж ядан: Эзэн Богд таньтайгаа 800 жилийн дараа учран золгож байгаадаа баяртай байна. Үр намайгаа гэгээн мутраараа адислаж хайрлана уу гэтэл Эзэн Богд: Бас нэг 800 жилийн настай хүн үү гэж инээгээд миний тэргүүнийг илж байснаа удаанаар үнэрлэхэд тэргүүнээ Зүрх Хайрханы хөрс шороонд наагаад Хөх Монголын Далай Хаан Суут Эзэн Богдын хайр энэрлийг зүрхэндээ мэдрэн сөгдөн мөргөвэй...
Зүрх Хайрханы тахилга өндөрлөж Өндөр Дээдсүүд мордсоны дараа Дээдэс тэргүүн /малгай/-ээ аваад хүзүүгээ ороосон олон өнгийн алчуураа тайлангаа өөрийг нь тойрон бүчих олонд хандаж: Сайн байцгаана уу? Би Аянгат байна аа гэж хэлээд инээмсэглэж билээ.
Дээдэс маань Наран болон Гуулин улсаар аялж Тэнгэрийн үйлээ гүйцэлдүүлсэнийхээ дараа эх орондоо түр саатахдаа үрс бидэндээ гэнэтийн бэлэг барисан нь энэ байлаа.
2012 оны 4-р сарын 11. Дээдэс Өвөр Монгол, Европ руу хүлгийн жолоо залахын өмнө Гэрлийн Өргөөний идэвхтэн гишүүдтэй Памбагар Үрийн хамаатны ахын модон сийлбэртэй, 10 ханатай тансаг өргөө гэрт нэгэн өдрийг өнгөрүүлэв. Энэ нь Дээдэстэй тухтай уулзан ярилцах хамгийн анхны боломж байсан учир хүн бүр боломжоороо монгол дээл хувцасаараа гангаран сэтгэл догдлон эртлэн ирцгээсэн байлаа. Дээдэс өргөөнд хүрэлцэн ирээд төд удалгүй байтал Эзэн Богд залран бидэнд хандан: Та нар өөрсдийгөө хэн гэж бодоо вэ? Яагаад өнөөдөр энд хуран чуулах болсоноо мэдэж байна уу? гэж асуугаад Тийм ээ бид чадлаа, бид чадчихсан байна. Бид үрс та нартайгаа уулзаж чадлаа. Тэнгэр эцэгтээ гялайлаа. Ай юутай сайхан байна вэ гээд удаан мэгшин уйлахад өр зүрх урагдах шиг болж уяран хайлаагүй хүн нэгээхэн ч байсангүй.
 ...Үрс минь одоо биднийг хэн ч зогсоож чадахгүй. Тэртээ 13-р зуунд бид Хөх Монголоо нэгтгэж дэлхийг тохинуулж чадаж л байсан одоо ч чадах л болно. Та нар бол шинэ эриний эхлэлийг тавих, Хөх Монголоо гэгээрүүлэх, Дэлхийг аврах үүрэг хүлээсэн улс. Олон түмнийг араасаа дагуулж энэ их үйлийн шавыг тавьцгаа. Өөр хоорондоо эв найрамдалтай бай, ахмадаа хүндэл, биеэнээ хайрла гэж сургасан энгийн атлаа эгэлгүй Хааны минь сургаал үгс сэтгэлд хоногшин үлджээ.

2012 оны 5-р сарын 28. Угаа авсан нь.

Миний бие Сэлхэнцэг Удган дээр босох улаачдын 3-р багт багтсан байсан боловч амралтаа урьдчилан төлөвлөж авсан байсан болохоор 2-р ээлжинд явах ёстой байсан Эрдэнэмөнх Батхүлэг хувийн шалтгаанаар явж чадахгүй болсоныг мэдмэгц Сэлхэнцэг Удганаас намайг 2-р багтаа авч явахыг гуйлаа. Юунд ч юм яараад шалавхан босмоор санагдаад байв. Сэлхэнцэг Удган хүсэлтийг минь хүлээж авч 2-р багтай хамт явахыг зөвшөөрөв. Ингээд Танхай балчир ах, Гээгэл Наран эгч, Сарантэх нарын хамт угаа авахаар явах болов. Урд өдөр нь манай Яргайтын зусланд цуглаж хонио Тэнгэрт мэдүүлээд шүүс махаа чанаж хойргүй хоноод өглөө эртлэн Санзайг чиглэн явлаа. Шүүсний хонио Тэнгэрт мэдүүлэхдээ улаачдын толийг цусанд дүрсэн, улаачдад улай үзүүлсэн хэмээн хожим нь Сэлхэнцэг Удган хэл амны бай болж шүүмжлүүлсэн билээ. Манай удмын төлөөлөл болж аав, ээж, эрэгтэй дүү, 2 авга ах маань явав. Зорьсон газраа очоод отог хүрээгээ байгуулан бэлтгэл ажлуудаа нэг өдөрт хийгээд маргаашнаас нь онгод тэнгэрүүдээ буулган угаа авах ажилдаа орлоо. Хамгийн түрүүнд Сарантэх дараа нь Гээгэл Наран эгч, Танхай Балчир ах нар Онгод Буурлуудаа биедээ залж ундаалж чадлаа. Миний хувьд Онгод Буурлуудаа биедээ зална гэдгийг арай өөрөөр төсөөлж байсан учраас бие сэтгэлээ бүрэн суллаж Буурлуудаа биедээ залж ундаалж чадахгүй мунгинасаар байв. Ганцаараа чадахгүй үлдсэн болохоор нэг л дарамттай улам адгаж яарна. Биднийг залаалсан Өрлөг Боорчийн улаач зайран Э. Сэлхэнцэг Удган нар бүх л арга чаргаа хэрэглэн янз бүрээр оролдоод болсонгүй. Замчлагчид маань хэлэх нь онгодууд чинь биенд чинь орж гараад чи бие сэтгэлээ суллаж өгөхгүй байгаа учраас тогтож сууж чадахгүй байна гэнэ нээрээ л ямар нэгэн юм орж гараад байгаа нь мэдрэгдээд ч байх шиг.
Улаач болж угаа авна гэдэг тийм ч амар даваа биш ажээ. Улаач оюун бодол, бие махбодиоо бүрэн суллаж чөлөөлөх хэрэгтэй бөгөөд энэ махан биеэ онгодууддаа бүрэн тушааж онгодтойгоо нэгэн цул болж эвцэж байж онгодоо биедээ залдаг гэдгийг хожим ухаарч ойлгосон.
За ингээд бүх зүйл хугацаатай хойно буцах цаг болж 2012 оны 5-р сарын 31-ний шөнө хотод орж ирэв. Зусланд авга ах эгч нар бөөнөөрөө баяр ёслолын байдалтай угтаж аваад амжилттай юу? гэхэд бүтэлгүйхэн яваад ирсэнээ нууж амжилттай л гэлээ. Ирсэнээсээ хойш зусландаа байрлан Буурлуудаа буулгах санаатай оролдсоор л байв. Буурал маань буугаад байгаа үгүй нь мэдэгдэхгүй би өөрөө л суугаад байх шиг. Хэсэг хэнгэрэгээ нүдэж дуу дуулж байгаад цай уухаас хэтрэхгүй. Иймэрхүү байдлаар нэлээн хэд хонов. Тэгтэл нэгэн өдөр Дээдэс яахоо мессенжерт орж ирээд юу болж байгааг минь асуухад ихэд баярлав. Дээдэс намайг Европоос иртэл гүр хүлээж бай гэлээ, би ч сэтгэл амран хамагаа Дээдэст даатгаж орхиод хэд хоног Буурлуудаа ч буулгахгүй энгийн хүн шиг сайхан явав.
Дээдэс Европоос ирсэнийхээ дараа Өргөөний улаачидтай уулзахад хуяглаж бөөлж үзүүлэв. Дээдсээр гүшүүлэн байж оролдоод бас л болсонгүй. Дээдэс Буурлууд чинь бүрэн сэрээгүй нойрмог, бас бус зүйл дутуу байна. Намайг хээр гарахаар дагаад яваарай гэв. Би ч за гээд Дээдсийг хээр гарахыг хүлээгээд л байлаа, Дээдэс нутагтаа ирээд Тэнгэрийн болон замбын үйл ихтэй хээр гарч завдахгүй л байв. Энэ зуур би аанай л Буурлуудаа буулгах гэж оролдохгүй л байв. Хайран цаг хугацааг алдсандаа одоо харамсаад баршгүй. Онгод Буурлуудтай минь холбож залаалж миний төлөө сэтгэл юүгээн чилээж алжаал ядралыг умартан зүтгэсэн Сэлхэнцэг Их Удган Зайран Э. нартаа сөгдөн мөргөсү.

2012 оны 6-р сарын 24. Гэрлийн Өргөөний улаачдын анхны хээрийн бөөлөө.

Тэрэлжид Гэрлийн Өргөөний улаачид анхны хээрийн бөөлөөгөө хийв. Дээдэс уртын дууны багш гэж Монгол Улсын гавъяат жүжигчин нэгэн эрхэмийг бидэнтэй танилцуулсан нь Сүбээдэй Өрлөгийн улаач, Алтан Сударт нэр нь мөнхөрсөн эрт эдүгээг цээжиндээ зөн болгож хадгалсан чухал хүмүүн байлаа. Энэ бөөлөөнөөр мунхаг би бас л Буурлуудаа буулгаж чадсангүй. Дээдэс надад хүний чадсан юмыг хоюулаа чадна аа гэж урам өгөхийн зэрэгцээ чи Өвөг Дээдүүддээ итгэхгүй тэднийгээ үгүйсгээд байвал хэзээ ч бөө болж чадахгүй гэж зэмлэсэн нь ташуурдаад авах шиг болов. Энэ үеэр Эзэх Богд заларч улаачид олон Тэнгэрт олон төрлийн өргөл өргөж нүсэр тахил засдаг байсныг болиулж зөвхөн цай, сүү, цайгаар тахил засаж болно гэж зөвшөөрөв.


2012 оны 6-р сарын 29. Гэрлийн Өргөөний улаачдын хоёр дахь хээрийн бөөлөө.

Баасан гариг байв. Би ажилаа тараад эрэгтэй дүүгийн хамт Гээгэл Наран эгчийн өргөөг зорив. Тэнд манайхан үд дунд цуглаж Дээдэс нарны бөөлөө хийж, өргөөний улаачид Буурлуудаа буулган бөөлж байв. Бид замаараа Эрдэнэ ТМГ, Тэнгэр Монгол Газар Заяа нарыг аваад очиход таних танихгүй олон хүн цугласан бөөлөө ид дундаа үргэлжилж байлаа. Хуяглаад жаахан бөөлж байтал харуй бүрий болж  түүдэг асаав. Дээдэс /энэ үед Эзэн Богд заларсан байсан гэж боддог/ улаачдыг тойрог болон суу гэв. Тэгээд хоёр бар хаана байна? Наашаа гарч ирээд урд нь суу гэлээ. Өргөөнд надтай ижил нэртэй амьдай улаач нэгдсэн байлаа. Амьдай бид 2 урагш гарч би Дээдсийн зүүн гар талд нөгөөх маань Дээдсийн чанх урд талд сууж байраа эзлэв. Дээдэс бидэнд хандан биеэ суллаж зөвхөн миний Онгод Буурлууд залраарай гэж дотроо бодон тэднийгээ хайрлан Буурлуудынхаа хайрыг мэдрэн хэнгэргээ зөөлөн дэлд хэмээв. Би зөвхөн миний Онгод Буурлууд залраарай гэж шивнэн хэнгэргээ зөөлөн дэлдэж эхлэв. Бусад нь ая дуу барьцгаа гэж Дээдэс хэлсэн санагдана. Зөөлөн хэмнэлээр бүүвэйлэгдэн нэлээн удаан дэлдэж байснаа сэтгэл хөдлөн хэнгэрэгээ чангаар хурдан дэлдмээр санагдан цохилтоо чангаруулан хэмнэлээ хурдасгатал дуулмаар ч юм шиг орилмоор ч юм шиг сонин болж ирэв. Энэ үед Дээдэс хажуу талаас үл мэдэх дуу аялан уухайлж хэнгэргээ дэлдэн дэмнэж байв. Би биеэ сул тавин Дээдэстэй хэнгэргээ хоршуулан дэлдэж байтал гэнэт их салхи дэгдэж гар минь хэнгэргээ хэд дэлдсэнээ сулбайн унжив. Дээдэс миний хэнгэргийг гараас авч хажуу тийш нь тавиад аманд минь мөнгөн аягатай хийцтэй цай /сайхан цай чанадагараа алдартай өвөр монгол ахан дүүгийн минь чанасан цай/ барьж өгөн уулгав. Тэгээд тэнгэрийн хэлээр ойлгомжгүй зүйл шулганан хэлсэнээ: Хөөрхий минь ид хаваа гайхуулан байж буух гээд л удаад байж гээд гар, өвдөг юуг минь илбэхэд өөрийн эрхгүй өмөлзөн уйлмаар болж байлаа. Салхи улам хүчтэй салхилж малгай тэргүүнийг хийсгэчих шахан эрчилнэ. Дээдэс Бууралд минь угсраагаар хэдэн аяга цай өгөөд энхрий зөөлөн үгээр аргадан тайтгаруулж байлаа. Буурал маань мордтол хүчтэй салхи салхилсан хэвээр байсан бөгөөд мордсоных нь дараа тэнд барьсан байсан майхангууд бүгд салхинд нуран унасныг мэдсэн юм. Ингэж миний бие Эзэн Богд, Дээдсээрээ түшүүлэн байж Буурлаа биедээ анхлан залж ундаалсан бөгөөд Буурал маань хуй салхи салхилуулан ид хаваа гайхуулан байж заларсан билээ.














2012 оны 7-р сарын 5. Бурхан Халдун хайрханы тахилга.

Гэрлийн Өргөөний улаачид Бурхан Халдун Хайрханы өвөрт очин тахилга хийх газраа сонгон бөөлцгөөв. Эзэн Богд улаач бүр дээр ирж шалгахыг нь шалгаж улаачдын Өндөр Дээдсүүдтэй золгов.
Шөнө нь түүдэг гал дээр сарны бөөлөө хийхэд сар хэдэн давхар хүрээ татан тодоос тод гэрэлтэж Дээдсийн хөлөө дэвссэн зүгт ханаран хөдөлж гайхамшигтай байлаа.
Маргааш өдөр нь Дээдэс Хайрханы амийг сэргээн эргэн тойрны уул усыг амилуулав. Нарны бөөлөөний үеэр нарны өнгө, цацраг туяа янз бүрээр хувиран гайхамшгийг үзүүлж үүлэнд олон олон Дээдсүүдийн дүр төрх тодрон гарч байлаа.
Бид тойрч суугаад Дээдсийн аягалсан жаахан шимийн архи тойруулан балгаад дууны багш уртын сайхан дуугаа дуулсаны дараа аяны жолоог гэрийн зүг залахад хурмаст тэнгэр биднийг нартай бороогоор үдэн тэнгэр хангай баярын нулимс унагаж байх шиг байлаа.
Энэ аялал ялаа шумуул ихтэй байсныг эс тооцвол маш сайхан болсон бөгөөд Халдун хайрханаасаа маш их эрчмийг биедээ хураан авсан билээ.

2012 оны 7-р сарын 11. Өвөрхангай аймаг руу хийсэн аялал.

Наадмын нээлтээр төрийн соёрхолт жүжигчин Н.Сувдад алтан судруудаа торгонд баринтаглан өгч төрийн наадмын нээлтэнд оролцуулж улс эх орон даяар телевизээр шууд нэвтрүүлсэний дараа Гэрлийн Өргөөнийхөн Өвөрхангай аймгийг зорин хөдлөв. Тэр шөнөө Хайрхандулаан сумын нутагт байх Хубилай хааны их цэргийн тууринд очиж хоноглов. Энэхүү туурь нь Хан Хөгшин хэмээх сүрлэг хайрханы энгэрт байдаг аж. Энд 2 хоног саатахдаа Дээдэс тэр хавийн уул хайрхад, лус савдгуудын хийгээд Монгол орны олон чухал газруудын амийг сэргээн амилуулав. Дараа нь Нарийнтээл сумын нутаг Гарьдын Бүрд гэдэг газар байдаг Мандухай Цэцэн хатны харуулын цамхагийг зорин хөдлөв. Тэндэхийн уул усыг сэргээн амилуулахад амилсан эзэн нь Дээдэст том цагаан чулуу бэлэглэснийг аваад цааш хөдлөв. Нутгийнхан Сайн Ноён Хан Намнансүрэнгийн хонин чулуу хэмээн нэрлэдэг газар ирээд Дээдэс Монголын төрд шургалсан хар муу санаатнуудыг устгах маш чухал хүнд үйл хийв. Сайн Ноён Хан энэ газар хонины сүүлэн чинээ цагаан чулуу байршуулаад энэ чулууг төлгөн хонины дайтай том болох үед Монголын төр дахин мандана гэж хэлсэн домогтой ажээ. Дээдсийн бэлгэнд авсан цагаан чулуу уг хонин чулууны толгой нь болон Монголын төр сэргэн мандахын үүдийг нээх учиртай байжээ.
Бидний хэсэг улаачид болон андууд /Мухулай Дээдсийн улаач, Борохул Дээдсийн улаач Харзэд, Тэнгэрийн Заадас, Болор Бон буюу Эрх Шар, Мандах Нараа, Эрдэнэ, Төрмандах ах/ энэ аянд хуучин муу микро автобус хөлөглөж явсан бөгөөд галт уулын том том чулуулагтай замаар арай ядан мацсаар унаагаа түрэх газар нь түрж зам засах газраа бууж зам зассаар Найман нуур хүрэв. Найман нуурын наад талын давааны бэлд хоноглоод өглөө нь давааг чиглэн явганаар өгсөв. Хүчтэй салхи сөрөн мацсаар даваан дээр гарахад нэгэн нуур алган дээр тавьсан мэт мэлтийн харагдах бөгөөд зэрэглэн тогтсон холбоо найман нуурын нэг нь ажээ. Дээдэс хуураа татан нуурыг болон эргэн тойрны уулсыг амилуулаад биднийг нуурын болон уулсын амийг мэдэр гэв. Ер нь Дээдэс биднийг хаа явсан газраа уул ус, лус, савдгуудын амийг мэдрэн тэдгээрийг амилуулж сурах хэрэгтэй гэдгийг зааж сургаж байсан бөгөөд улаач хүн мэдрэмжээ хөгжүүлж аливаа зүйлийн амийг мэдэрч амилуулж сурах нь туйлын чухал гэдгийг захиж хэлж явлаа. Даваан дээр бүгд ТМГ дуудлагаа хэлэхэд салхи хийсгэчих шахан салхилж хамаг хир буртагыг минь хийсгэн одуулж, зүйрлэшгүй эрч хүч хайрлаж байх шиг байлаа.
Бид мөн Таацын гол, Уянга, Бат-Өлзий сумын нутгаар явж Орхоны Улаан цутгалан хүрээд Хархорин хотын туурь буюу Абтай Сайн Хааны Өргөөний буурийг үзэж сонирхоод Улаанбаатарыг зорьсон билээ. Хур бороо их орсоноос үер ус ихтэй тэр хэрээр аян замын бартаа адал явдал ихтэй байлаа. Дээдэс олон олон уул ус, газрын амийг сэргээсэн аялал байв.


2012 оны 8-р сар. Сэлэнгэ аймаг руу хийсэн аялал.

Улаанбаатар хотоос дардан замаар давхисаар Сэлэнгэ аймгийн төв оров. Тэндээсээ хойд хил Сайханы хөтлийг чиглэн явцгаалаа. Сайханы хөтөл дээр Эзэн Богдын Хулан хатантайгаа учирсан газар хөшөө дурсгал босгосныг үзэж сонирхов. Сайханы Хөтөл нь анхны амь үүссэн газрын нэг байсан бөгөөд тэр үед амьдарч байсан баавгайнуудын /аав, ээж, хүү, охин-тэдгээр нь цөм манай Өргөөнийхөн байв./ нутаглаж, тоглож байсан хадан дээр очицгоов. Тэр нь ер бусын их эрчмийг агуулсан газар байсан бөгөөд үе үеийн дайчид, баатрууд энэ газар ирж хүч юугаа сэлбэдэг байжээ.
Дулаан хан гэдэг газар хоноглохоор болтол урьд хожид харж байгаагүй их шумуултай таарав. Тал талаас шаван зогсоо зайгүй хатгах шумууланд идүүлэн байж хуяглаад бөөлцгөөв. Нүүр ам, хамаг бие шумууланд хатгуулан хорсож өвдөн загатнана. Ашгүй бөөлөөний дараа шөнө асар хүчтэй хуй салхи салхилж өнөөх гайтай шумуулуудыг туун одлоо. Гэхдээ майханаа барих аргагүй болсон тул машинуудаараа хаалт хийж байгаад пүүгээгээ дэлгэн хээр задгай одот тэнгэр ширтэн унтахаар хэвтэцгээлээ. Салхины эрч үүр цүүрээр намдах үеэр өнөө өлөн шумуулууд сүрэг сүргээрээ ирээд зулгааж өгөв. Шумууланд хатгуулсан биеэ маажин тухгүй хоносон хүмүүс хүссэн ч хүсээгүй ч босохоос өөр аргагүй болж утаа майны арга бодохоос өөр замгүй болов. Дээдэс хоноглосон газрынхаа эргэн тойрны уул хангайг амилуулаад дараа нь улаачдын урьд шөнийн их салхинаар хаясан гээсэн, сэвтсэн, золигт гарсан зүйлсийг цуглуулаад хэрхэн сэвтсэн байгааг нь аргын талын хэмжигч багажаар хэмжиж шалгуулаад дараа нь сэвийг нь цэвэрлэсний дараа дахин шалгуулахад зүв зүгээр болсон нь харагдаж байв. Мөн өнөөх багажаараа бие биенийхээ эрчимийг хэмжиж шалгаад Шумуулт газрыг баяртайгаар орхин одов.






Гүн нуур.

Гүн нуурын хөвөөнд байх нэгэн амралтын газрыг хайн нааш цааш нэлээн явсаны эцэст олж очин зарим нь гэрт зарим нь модон байшинд төвхнөцгөөв.
Манай багийнхан /Боорчи Дээдсийн улаач, Борохул өрлөгийн улаач Харзэд, Тэнгэрийн Заадас, Хар Чоно удган/ дээр нэмэгдэн Утаа удган бид нэгэн модон байшинд байрлах болов.
Дээдэс Мэлмий Тэнгэрийн үрс болох Утаа удган, Хар Чоно удганыг гараасаа хөтлөн цаг хугацаа, янз бүрийн тивүүдээр аялах болсон нь шинэлэг зүйл байлаа. Нэгэн үдэш бид нэг байшиндаа цуглан эхлээд 13-р зуун руу аялав. Утаа удган, Хар Чоно удган нар харсан үзсэнээ дамжуулан хэлснийг сийрүүлвэл өвлийн үдэш нэгэн нуурын хөвөөнд Эзэн Богд хатадтайгаа, өрлөг жанжидтайгаа тойрон сууцгааж байх аж...
Гэтэл гэнэт Боорчи Дээдсийн улаачын онгод нь заларч: Сэнтий дээрээс бууцгаа! Ёсгүй байна. Сөгдөцгөө!!! хэмээн чанга дуугаар тушаахад бүгд бондгосхийн цочиж Дээдэстэй зэрэгцэн орон дээр тааваараа хэвтэж байсан хүмүүс хоромхон зуур дэрхийн босоцгоож бүгд газар сөхрөн сууцгаав. Ингээд улаачдад хандсан Тэнгэрийн зарлигыг сонордуулж эхлэв. Мунхаг миний ойлгосноор бол учиргүй юм гэж байдаггүй учраас 800 жилийн өмнөх түүх яг тэр газраа давтагдаж буй нь тэр бөгөөд өөрөөр хэлбэл бидний Өвөг Дээдсүүд 800 жилийн өмнө мөн энэ Гүн нуурын хөвөөнд хуран чуулж байжээ. Энэ өдөр тэнд цугласан хүн бүрийн Дээдсүүд 800 жилийн тэртээ хамтдаа нэгэн дор байсан бөгөөд одоо өөрсдийн үрс балчрууддаа тус тусын сургаалыг хайрлаж байна гэж ойлгосон юм. Зарлигт ...буучихаад байхад бүү буугаагүй гэж мунхагла... гэсэн мөр байснийг би надад хандаж хэллээ гэж бодон тогтоож авав.
Гүн нуурын хөвөөнд хоносон хэд хоногт бороо хур элбэгтэй байсан учраас бид ерөнхийдөө тааваараа амарцгаав. Торгон зөөлөн элстэй Гүн нуурын усанд Дээдэстэйгээ умбаж шумбацгааж хүүхэд адил тоглон наадаж байсан тэр мөч хэзээ ч мартагдахгүйгээр сэтгэлд хоногшин үлджээ. Тэр хэд хоногууд одоо санахад Дээдсийн хувьд их ажлын өмнөх түр амралт завсарлага байж дээ.
Гүн нуураас цааш бид Амарбаясгалант хийдийг зорив. Зам зуур харанхуй болсон хойно олон олон хөсөг тэргийн цуваатай дайралдах болсон нь жил бүр Амарбаясгалант хийдэд болдог Гонгорын их бумбаны тахилга гээчийг зорьж буй эргэл мөргөлчдийн цуваа ажээ. Энэхүү цувааны гэрэл шөнийи талыг өдөр шиг гэрэлтүүлж тасралтгүй үргэлжлэх нь гайхмаар. Монголчууд ямар их мухар сүсэг, эд мөнгөний шуналтай болсоны тод жишээ гэлтэй. Тэр алдарт Бумбаны тахилга гэгчид л оролцчихвол хагарч задартлаа баяжина хэмээн итгэж газрын холыг зорьж хөрөнгө мөнгө, цаг заваа гарздах хүмүүс хөөрхий.
Бид хээрийн аянд газарч хөтчийн үүргийг гүйцэтгэн цувааны тэргүүнд явдаг дууны багшийн машиныг дагаж явсаар нэгэн уулын энгэрт ирэн буудаллаа. Майхандаа ороод унтах гээд хэвтэж байхад зүүн талд байх гурвалжин уул нүдэнд тусаж сонирхол татаад байв.
Маргааш өглөө нь Дээдэс тэр уулын зүг харж зогсоод хуураа татаж байснаа гэнэт мэлмэртэл уйлаад эхлэв. Тэгээд Утаа удганыг тэр уулыг мэлмийд гэтэл нэгэн цал буурал хатныг сүйх тэрэгтэй нь ганцааранг нь орхисон байна, хатны хөл гар нь хөрсөөр амьсгал хурааж байна... гэх мэтээр өгүүлж байснаа Өэлүн ижий байна ш дээ, Өэлүн ижийг энд онголсон юм байна гээд бас уйллаа. Дээдэс яагаад уйлсаны учрыг мэдсэн бид Өэлүн ижийг онголсон Хайрханы зүг харж суугаад мөргөх нь мөргөж сүүгээ өргөх нь сүүгээ өргөж эхлэв. Уйлж болохгүй гэсэн тул хүмүүс сэтгэл хөдлөлөө барьж уйлахгүйг хичээсэн ч зарим эмэгтэйчүүд уйлсаар байлаа.
Бид хайрханаа нар зөв тойрж идээ будаагаа өргөж хүндэтгэл үзүүлээд Амарбаясгалант хийдийг зорив. Манжийн Энх-Амгалан хаанаас Халхын анхдугаар Богд Өндөр Гэгээн Занабазарын хойтын буянд зориулан бариулсан энэхүү хийдийн эргэн тойрон мөргөлчдийн өнгө өнгийн асар майхан хөл гишгих зайгүй ярайж найр наадмыг санагдуулна. Хийдэд ойртох тусам манайхан сөрөг муу эрчмийг мэдэрцгээж бие нь тавгүйтэж эхэлцгээв, Дээдэс биднийг цуглуулж ТМГ дуудлагаа хэлж хамгаалалтын хүрээгээ татах хэрэгтэйг анхааруулав. Ингээд бид хийдийн хашаа руу орцгоолоо. Хийдийн босгыг алхсан мөчөөс эхлэн миний уур хилэн бадраад байгаа ч юм шиг илдээ сугалаад зогсоо зайгүй цавчилдаж сүрийг үзүүлмээр ч юм шиг болоод байв. Дээдэс түрүүлэн бид дагалдан хийдийн гол дуган луу орлоо. Гол дуганыг нар зөв тойрон гороолоход Дээдсээс ТМГ дуудлагаа хэлээд тал тал тийшээ үлээгээд байгаарай гэдэг заавар ирэв. Зааврын дагуу ТМГ дуудлагаа хэлээд 2 тал руугаа хий үлээсээр байгаад гарч ирэв. Гарч ирсэний дараа Мийгаа багшийн /Билгүдэй Дээдсийн улаач/ амьсгаа давхцаж бие нь эвгүйцэхэд Дээдэс өөрийн улаан нөмрөгөө нөмрүүлж засаж янзлав. Учрыг сонсохнээ бид буюу бидний Дээдсүүд сая хийдэд бугласан бузар булай, муу муухай бүхэнтэй үл үзэгдэх цусгүй тулаан, утаагүй дайн хийчихээд гарч ирсэн ажээ. Мийгаа багш дээдсийн өмнө гарч хамгаалж явсан учраас дайрлаганд хамгийн их өртөж бие нь эвгүйтсэн байжээ. Өргөөний идэвхтэн гишүүн судар тайлагч эрдэмтэн багш Ундрах биднийг гэр бүлийн хамт Амарбаясгаланг хийдэд тосож авав. Ундрах хэдхэн хоногын өмнө эндээс хотыг зорин хөдлөөд биднийг энд ирэх сургаар урд өдөр нь хотоос гаран шөнөжин давхисаар ирсэн байлаа. Ундрахынхан биднийг сайхан хүлээж авч хонины мах, айраг, цагаагаар дайлан нэг гэрээ суллан өглөө. Үдэш нь бүгд гэртээ цуглан Дээдэс Амарбаясгалант хийдийн түүх, өдөр хийдэд ямар үйл явдал болсоныг Мэлмий Тэнгэрийн үрсээр дамжуулан айлдана хэмээв. Мэлмий Тэнгэрийн үрсийн дамжуулан хүүрнэсэн түүхийг хураангуйлвал:
Манжийн хааны зарлигаар ирсэн газар шинжээчид Өэлүн эхийг онголсон ариун дагшин энэ газрыг хайж олоод Өэлүн эхийн шилэн хүзүүнд хорт тэвнэ шааж амийг нь бөхөөн унтуулаад дээр нь Амарбаясгалант гэгч энэ хийдийг барихдаа хятад боолуудын цус ясаар босгож нярай хүүхдийг амьдаар нь чанаж идэн хар тийрэнгээр хүчээ авсан лам нарыг төвд лам хэмээн зүсийг нь хувиргаж суулгажээ. Лам нэртэй тийрэнгүүд нь хар муу бүхнийг үйлдэхийн зэрэгцээ орой бүр нэг монгол бүсгүйг авчран цуварч хүчиндэн жирэмслүүлээд явуулахдаа үнэтэй бэлэг сэлтээр амыг нь таглаад алтан ургийн ноёдод бага хатан болгон өгдөг байжээ. Тэдгээр хатдын үрс манж хятадын удам одоо монгол төрийн толгойд гарсан учраас төрийн бодлого Монголоо гэсэн сэтгэлгүй, урд зүгт элэгтэй гадныханы эрх ашигт үйлчилдэг болжээ. Манжууд Өэлүн эхийг онголсон газар энэхүү муу муухай бүхний /өөрөөр нэрлэх үг даанч олдохгүй нь/ үүр уурхай болсон хийдийг барихдаа Монголчуудыг эхээс нь буюу эх ундаргаас нь салгаж, босоо заяаг нь доройтуулахыг зорьжээ. Эхээсээ эх ундаргаасаа салсан монголчууд эмэгтэй хүнийг дорд үздэг болжээ.




Энэ тухай чадан ядан шүлэглэвэл
Хийдийн онгорхой оройг битүүлэхийн цагт
Хөх Монгол устаж
Хөх магнайтан дэлхийд ноёлох учиртай байжээ.
Гэхдээ өмхий хуйхтанууд санасандаа хүрч чадаагүй юм.
Гэрэл цацруулсан Хөх Монголыг мохоон дарж чадаагүй юм.
Ёрын хийд нь оройгүй хэвээр үлдсэн юм
Ёроолгүй шунал нь харин хэвээр байгаа юм.
Амарбаясгалант хийдтэй холбоотой бузар булайг тоочоод баршгүй бөгөөд эрүүл саруул хүний ой тойнд багтамгүй товчхондоо Монголчуудыг дарахын тулд Манжуудын бий болгосон газар дээрх там, хорлол, байж болох муу муухай бүхний үүр уурхай гэж ойлгоход болно. Гэхдээ Эзэн Богд маш хүнд хүчир дайн хийж манж хятадын хорлолыг тайлж, Өэлүн эхийн амийг сэргээж чадсан билээ.
Өэлүн эхийг онголсон уулыг нутгийн ардууд Бүдүүн уул гэж нэрлэдэг бөгөөд догшин хайрхан хэмээн хамаагүй ойртдоггүй, мод чулууг нь хөнддөггүй ажээ.
Маргааш нь бид Бүдүүн уул буюу Ээж уулын энгэрт бөөлж лам нар буюу манжийн хараалтай хийх дайнаа үргэлжлүүлэв. Дараа нь бүгд Ээж уулын энгэрт ТМГ дуудлагаа хэлж мөргөж хүндэтгэл үзүүлэн бөөнөөрөө зургаа авахуулав.
Хотын зүг хөлгийн жолоо залахдаа лам нарын хариу хараал жатгыг төөрүүлэхийн тулд мөр буруулав. Хот орж ирэхдээ Дарханы ойролцоо төвд үсэгнүүдэд дайруулан бяцхан сандралдсаар гэртээ ирж билээ.
Сэлэнгэ явсан аялал маш олон нууцын учгийг тайлсан, ухаарал сэхээрэл хайрласан аялал болсон билээ.
Ингэж Дээдэс болон Гэрлийн Өргөөний андуудтай хээр хөдөөгөөр аяласны дараа замбын ажилдаа эргэн оров.
Хувийн шалтгааны улмаас мөн ажил ихтэй байсан учраас Дундговь аймаг руу хийсэн аялал, Гэрлийн Өргөөний анхдугаар Их Хуралдай, 13-р зуун жуулчны баазад болсон нар, сарны тахилга, Дархан аймагт Дээдсийн амилуулсан Тэнгэрийн модонд хүндэтгэл үзүүлэх зэрэг чухал үйл явдлуудад оролцож чадсангүй.
Энэ зуур үйл явдал улам хурдацтай өрнөж үлгэрийн баатрууд нэмэгдсээр тал талаас ирж нэгдсээр...
Дээдэс болон андууд маань Тэнгэрийн судруудыг Түмэн Онгодын чуулганаас өмнө амжиж тайлан түмэн олны хүртээл болгохоор хойр хоолгүй ажиллаж байна.
Гэрлийн Өргөөнд нэгдсэнээс хойш нэг жилийн хугацаа харвасан сум шиг өнгөрсөн ч миний амьдралын хамгийн чухал үе болон үлдсэн байна.
Гэрлийн Өргөөнд нэгдэхээс өмнө би энэ амьдралын утга учир, зорилгоо мэдэхгүй ойд төөрсөн сохор, дүлий сармагчин шиг урсгалаараа хөвсөн нэгэн байсан бол одоо мянгандаа ганц төрөх Тэнгэр Удган Дээдэстэй нэгэн үед амьдарч, шинэ эринийг эхлүүлэх, Хөх Монголоо мөн Хөх Дэлхийгээ авран хамгаалах, гэгээрүүлэх үүрэгтэй Дэмч болох ёстой хосгүй хувь заяатайгаа мөн асар их үүрэг хариуцлага хүлээж байгаагаа ухамсарласан. Монголчууд бол дэлхий эхийг авран хамгаалах үүрэгтэй хөх толботнууд, сүнс мөнх, бүх зүйл амьтай, учиргүй зүйл гэж үгүй, ил далд ертөнц зэрэгцэн оршдог, хүн төрөлхтөн байгал эх, дэлхий ээжийгээ өөр шигээ хайрлаж зохицон амьдарч байж л мөнхийн амьдрал үргэлжлэх боломжтой.

Бөө гэдэг бол өвөг дээдсийн аугаа оюун ухаан, мэдлэг мэдээллийг өөрийн бие дээр буулгагч, ил далд ертөнцийг холбогч тэдгээрийн тэнцлийг хангагч, овог отгийн толгойлогч, байгал эхийн хэлмэрч бөгөөд хамгаалагч, хамгийн их гэгээрсэн ариун хүн байх ёстой гэж ойлгосон. Мөн өөрсдийн өвөг Дээдүүдэд хязгааргүй итгэх, тэднийхээ хүч чадал, суу ухаанаар ямагт бахархан хайраараа тэтгэх нь улаач хүний үүрэг гэж ухаарсан.
Хамгийн чухал нь үнэн, хайр, ухаан буюу энэ гурвын цогц нэгдэл болсон гэгээрэл гэдгийг Эзэн Богд маань сургасан билээ.
Энэ хугацаанд эргэлзэх, тээнэгэлзэх, итгэл алдрах, шантрах үе зөндөө тохиолдож байсан бөгөөд Эзэн Богд, Дээдэс болон өөрийн Өндөр Дээдсүүдээсээ хүлцэл өчин сөгдөн мөргөсү.
Одоо би өөрийгөө алсыг зорьсон их замын өмнө зогсож буй эрүүл саруул, идэр залуу хүнтэй зүйрлэнэм. Алсын зам минь шулуун дардан байхгүй ч Тэнгэр Эцгийн ивээл Аугаа Өвөг Дээдсүүдийн суу залиар Их Монгол улс минь сэргэн тогтож дэлхий ээж минь мөнхөд амар амгалан оршино гэж итгэнэм.
       ...Хамаг улсыг байгуулахдаа
       Хар толгойгоо хайрлахгүй
       Халуун цусаа гамнахгүй
       Хамхих нүдээ ирмэхгүй
       Гарын ханцуйг дэрлэж
       Гадаад хормойгоо дэвсэж
       Шүлсний хөөсөөр ундалж
       Шүдний махаар хооллож
       Магнайн хөлсийг гоожтол
       Мацан чармайж
       Улны хөлсийг урстал
       Улсаа хурааж цуглуулсан Дээдсүүдийн суу алдар бадартугай!
 
Тэнгэр Тэнгэр Тэнгэр
Монгол Монгол Монгол
Газар Газар Газар
Тэнгэр Тэнгэр Тэнгэр
Монгол Монгол Монгол
Газар Газар Газар
Тэнгэр Тэнгэр Тэнгэр
Монгол Монгол Монгол
Газар Газар Газар
 
 
2012.10.19 Улаанбаатар хот.
 

0 сэтгэгдэл:

Kommentar veröffentlichen