Энэрэл хайрыг нь түгээн түгээн хуурдсу
Энэлсэн сэтгэлийг дэвтээн дэвтээн хуурдсу
Энэхэн хорвоог аргадан аргадан хуурдсу
Их түүхийг сөхөн сөхөн хуурдсу
Ижил түмнээ дуудан дуудан хуурдсу
Ижилгүй заяагаа сануулан сануулан хуурдсу
Их засагаа санагалзан санагалзан хуурдсу
Асгарсан цусыг арчин арчин хуурдсу
Аниагүй шархыг илбэн илбэн хуурдсу
Ааг омогоо даран байж хуурдсу
Атаа хорслыг мартан байж хуурдсу
Урссан нулимсыг хатаан байж хуурдсу
Урвалт шарвалтыг хэлтрүүлэн хэлтрүүлэн хуурдсу
Ухаант өвгөдөө магтан магтан хуурдсу
Уужуу сэтгэлийг нь санан санан хуурдсу
Тэртээх өдрүүдийг наашлуулан наашлуулан хуурдсу
Тэнгэрийн үнэнийг зарлан зарлан хуурдсу
Тэнхээ чадлаа сэлбэн сэлбэн хуурдсу
Тэнэгхэн үрсээ сэрээн сэрээн хуурдсу
Өвгөдийн сүнсийг баясган баясган хуурдсу
Өндөр алдрыг нь магтан магтан хуурдсу
Өөрийн биеийг умартан умартан хуурдсу
Өнө ирээдүйг батжуулан батжуулан хуурдсу
Цагаан сүүг ивэлгэн ивэлгэн хуурдсу
Цагаан бүхнийг даллан даллан хуурдсу
Цаглашгүй үнэнийг дуулан дуулан хуурдсу
Цаг бусыг хөөн хөөн хуурдсу
Хар бүхнийг даран даран хуурдсу
Харанхуй мунхагыг гэрэлтүүлэн гэрэлтүүлэн хуурдсу
Хөх Тэнгэртээ сүслэн сүслэн хуурдсу
Хөрст дэлхийгээ аргадан аргадан хуурдсу
Эцэг танаа сөгдөн мөргөн хуурдсу
Энгүй нөмрийг тань үгүйлэн үгүйлэн хуурдсу
Эрсхэн үгийг тань санан санан хуурдсу
Эрэлхэг зоригийг тань магтан магтан хуурдсу
0 сэтгэгдэл:
Kommentar veröffentlichen