Breaking News
Loading...
29.10.2013

Нэвсийсэн их цас лавсан орох шиг
Нэг л зөөлнөөр сэтгэл нялхраад
Нэгэн зүйл бодол сэтгэл эзэмдээд
Нэрлэж боломгүй жаргалыг мэдэрнэм
Орчлон ертөнц эргэхээ болин зогсосхийх шиг
Ойн чөлөөнд би орь ганцаар зогсоод
Одоо л бүх зүйл эхэллээ гэж хашхираад
Одот тэнгэрийг зулайгаараа шүргэнэм
Цасан дээгүүр харайлгах чандганы чимээ сонстох шиг
Цасан дээр үлдсэн мөрийг нь харан гайхах шиг
Цаг хугацааг хийгээд туулсан замаа цэгнэх шиг
Цагаан зөвхөн цагаан л байх ёстой гэж шивнэх шиг
Анир чимээгүй ноёрхоод алсын бараа тодроод
Айдас хүйдсээ мартаад амар амгаланг олох шиг
Ариунаас ариун бүхэн намайг тойрон хүрээлэх шиг
Атгахан зүрхэндээ хайрыг мэдэрнэм
Хар бүхнийг даран цасан ширхэгүүд бударсаар
Хамаг орчлонг бүхэлд нь цав цагаанаар хучаад
Хараа хүрэх хязгаар зөвхөн цагаанаар цавцайгаад
Хандсан зүг бүртээ цагаан гэрэл цацруулнам
Бударсан их цас буртаг хирийг ариулаад
Бугшсан бузар булайд салхи оруулан бутаргаад
Буцах мөргүй болтол нь нэвсийтэл дараад
Буй бүхнийг байранд нь авчран лавснам







0 сэтгэгдэл:

Kommentar veröffentlichen