Аадрын үүл ганц нэгээрээ хурах шиг
Аясын салхи чихэнд минь шивнэх шиг
Аялгуу эгшиг дуурсаад алаг зүрхийг хөглөх шиг
Айзам хэмнэл нь алд биеийг доргиох шиг
Борооны дуслууд ганц нэгээрээ алган дээр минь унах шиг
Бор тархины минь хальсыг зөөлөн зөөлөн товших шиг
Бодол ивлэн хуралдаж амь орон өндийгөөд
Багтаж ядан түрхрэлдээд үгс болон төрмүй
Саяхан эхэлсэн бороо аадар болон асгараад
Сэтгэл зүрхэн дотор минь далай болон үерлээд
Сэтгэлийн элдэв хаалтыг сэт татан гадагшлах шиг
Сэтгэлд минь хурсан бүхэн үг болон урсмуй
Хүрэн зүрхнээс минь урсан гарсан их урсгал
Хүмүүний сэтгэлийн булгийг сэлбэж байгаасай
Хатаж ширгэсэн бол амилуулан сэргээж байгаасай
Харангадаж цангасан нэгнийг ундаалан тэнхээжүүлж байгаасай
Надаас эхэлсэн тэр урсгал
Намайг бусадтай холбож байгаасай
Нарт ертөнцийг тойрон урсаад
Нарнаас ч цаашлан урсаж байгаасай
Тэнгэрээс би үг гуйнам
Тэнгэрлиг шидэт үг гуйнам
Тэнгэрээс би үг шүүрнэм
Түүгээрээ тэгээд гол урсганам
26. Үг
Info Post
0 сэтгэгдэл:
Kommentar veröffentlichen