Breaking News
Loading...
10.09.2013


Уур минь хүрч уушиг минь сагсайж байна
Уйлах багадаж инээх ихдээд байна
Гадаа нартай ч сэтгэлд харанхуй байна
Гэрт дулаан ч дотор хүйтэн байна
Туулж барамгүй тэнүүн уудам нутагтай ч
Тохойн чинээ газар шаваарах болсонд уур хүрч байна
Дөрвөн цагийн эргэлтэнд дураараа нүүхийн оронд
Дөрвөн замын дунд түгжрэх болсонд уур хүрч байна
Уут уут мөнгөөр улсаа худалдсанд уур хүрч байна
Уут уут мөнгө нь улс дамнан одсонд уур хүрч байна
Алгын чинээ газрыг ч дамлах болсонд уур хүрч байна
Авах идэхийн шунал нь хязгаар үгүйд уур хүрч байна
Хийж бүтээхийн оронд биесээ шулдагт уур хүрч байна
Хий хоосон ярьсаар мөхөж буйд уур хүрч байна
Ядуу зүдүү ард нь хүлцэнгүй ноомойд уур хүрч байна
Ямбатан ноёдын доромжлол хэрээс хэтэрсэнд уур хүрч байна
Хулгай луйвар, дээрэм хэвийн болсонд уур хүрч байна
Хууль цааз нь байвч хэрэгждэггүйд уур хүрч байна
Өр зээлд дөрлүүлэн өөдөө харахаа байсанд уур хүрч байна
Өмөөрөх эзэнгүй улсаа бодох тусам уур хүрч байна
Хатаж ширгэсэн булаг шанд, гол мөрнөө харахаар уур хүрч байна
Хувхайрч нүцгэрсэн уул нурууд, тал хөндийгөө харахаар уур хүрч байна
Монгол монгол биш болсоор байгаад уур хүрч байна
Минийх гэх эзэн нь цөөрсөөр байгаад уур хүрч байна
Дэлхийн энтэй сэтгэж хорвоог түвшитгэж явсанаа мартаад
Дов жалганаасаа хэтрэхээ байсанд уур хүрч байна
Амь зуулгын төлөө аахар шаахраар хөөцөлдсөөр
Амьдарч чадахаа байсныг хараад уур хүрч байна
Сэм сэмхэн хумслуулсаар хэн дуртайд нь тонуулсаар
Сэмэрсэн тэрлэг шиг болсон нутгаа хараад уур хүрч байна
Амин хувиа хичээх нь амь зуух арга болсонд уур хүрч байна
Ашиг хонжоо хайхаас өөрийг сэтгэхээ больсонд уур хүрч байна
Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцэхгүй байгаад уур хүрч байна
Үгээ хэлэхээс айн амаа хамхигчдыг хараад уур хүрч байна
Ханшгүйдсэн төгрөг сульдсан төрөө харахаар уур хүрч байна
Харь элэгтнүүд дураараа дургиж буйг хараад уур хүрч байна
Уур хүрч буй зүйлээ тоочвол тоочиж барагдахгүй байгаад уур хүрч байна
Уур хүрэхээс өөрийг хийж чадахгүй байгаадаа уур хүрч байна
Уур минь хүрч уушиг минь сагсайж байна
Уйлах багадаж инээх ихдээд байна
Гадаа нартай ч сэтгэлд харанхуй байна
Гэрт дулаан ч дотор хүйтэн байна

1 сэтгэгдэл:

  1. Маш их таалагдлаа дотроос нэг юм дээшлээл явчилаа, энэ хэний шүлэг юм бол оо ?

    AntwortenLöschen