Breaking News
Loading...
22.10.2013


Дүнхгэр цагаан уулнаас үсэрсэн чулуу
Дүнхгэр цагаан уулын бэлд оршдог чулуу
Дэлхийн хаана ч таарч мэдэх чулуу
Дэнж дээр хаясан шагай мэт нэгэн чулуу
Эрдэнийн бус энгийн нэгэн цагаан чулуу
Эртэй сайндаа чулуу болоогүйгээ мэддэг чулуу
Эгэлхэн гэж өөрийгөө голоогүй чулуу
Эгэлгүй болно гэж эндүүрч төөрөөгүй чулуу
Ододтой барьцаж тэнгэрт гарна гээгүй
Оройд нь гарч овоо болно гээгүй
Онцгойрч ялгарч овойж товойно гээгүй
Олон хүмүүнд гайхагдан шагшигдахыг хүсээгүй
Гэрэлт хөшөөний чулуу болно гэж сэрүүн зүүдлээгүй чулуу
Ганган авхайн хуруунд очир алмаз болон гялалзаагүй чулуу
Гаднаа ч дотроо ч нэг л өнгөтэй чулуу
Ганцхан ширхэг эгэл цагаан чулуу
Хаанаас яах гэж ирсэнээ мэддэг чулуу
Хаана юуны учир буйгаа мэддэг чулуу
Халуунд халж хүйтэнд хөрсөн чулуу
Хал үзэж хорвоог таньсан чулуу
Босоо тогтож ургасан чулуу
Байрнаасаа хөдөлж дэвэн дэлхийг тойроогүй чулуу
Байх ёстой газраа байгаа чулуу
Байх ёстой газраа байсаар байх чулуу
Нутгаа голж хүний нутаг руу өнхрөөгүй
Нууцхан санаа алдаж чулуун заяандаа гомдоогүй
Нөмөрт нь хоргодсон хорхой шавьжийг хажиглаагүй
Нэмж дээр нь амьтан шавахад ч түүртээгүй
Сүрлэг өндөр хайрхадын
Сүр бараанд дарагдаагүй чулуу
Сүр багатай жижиг чулуудыг
Сүүдрээрээ дарж бахаа хангаагүй чулуу
Цагийн салхинд элэгдэж эмтэрсэн ч
Цагаан өнгөө гээж гундаагүй чулуу
Цагаан байхаасаа ичиж хар болоогүй чулуу
Цаг нь болохоор дүнхгэр цагаан уул болох чулуу

0 сэтгэгдэл:

Kommentar veröffentlichen