Breaking News
Loading...
23.01.2014

Зүгээр амирлангуй сууж чадахгүй адгахын учир бичнэ
Зүрх сэтгэлээ ариулан цэвэр тунгалаг болгохын тулд бичнэ
Зүг чигээ олж зөв замаар замнахын тулд бичнэ
Зүгээр нэг урсаад өнгөрөхгүйн тулд бичнэ
Бөглөрч тагларсан сэрэл мэдрэхүйн нүх сүвүүдээ нээхийн тулд бичнэ
Бөөн бөөн асуултын хариуг олохын тулд бичнэ
Бүхэл нэгэн цул нь хаанаас хэрхэн үүссэнийг
Бүх зүйл хэрхэн шүтэлдэн барилдсаныг мэдэхийн тулд бичнэ
Өнгөрсний ул мөрөөр мөшгин бичнэ
Өнгөрч улирсан дундаас өөрийгөө хайн бэдрэн бичнэ
Өөрийгөө хайх тусмаа өчүүхнээс өчүүхнээ мэдэрнэ
Өчүүхэн гэж гололгүй өөрийгөө ухан төнхөн бичнэ
Магад би бүхний эхлэл цэгт хэзээ ч очихгүй ч
Маргаашийг тольдохын тулд өнөөдөр бичнэ
Маргааш надад хамаагүй гээд орхиж чадахгүйн учир бичнэ
Маргааш гэдэг өдөр байсаар байна гэдэгт итгэдэг учир бичнэ
Орчлон ертөнцийг бүхлээр нь таних их санаа агуулан бичнэ
Огт оргүйгээс одоог хүртэл ямар зам туулсныг мэдэхийг хүсэж бичнэ
Од бид хоёр угтаа адил юм гэж барьцан бичнэ
Орон зай, цаг хугацаа гэгч юу болохыг тандах гэж бичнэ
Хэмжээлшгүй, сэтгэшгүй, хязгааргүй, төсөөлшгүй бүхэн
Хэлбэр дүрс, овор хэмжээ, цар хүрээ нь ондоо  ч гэсэн
Хэлхэлдэж сүлбэлдсэн мөн чанар нь нэг хэмээн сэтгэхийн учир бичнэ
Хүссэн хүсээгүй дагах жам ёсыг танихын тулд бичнэ
Буй бүхнийг тогтоон барьж нөхцөлдүүлэгч тэр нэгэн учгийг олохын тулд бичнэ
Бодитой, бодьгүй, хий, хоосон, үзэгдэх хийгээд үл үзэгдэх бүхнийг
Байгаль дэлхийг хийгээд байгаа бүхнийг танин мэдэхийн тулд бичнэ
Богинохон ч гэсэн хүний амьдрал утга учиртай гэж нотлохын тулд бичнэ
Хэтэрхий ухаантай мэргэн цэцэндээ бус
Хэрэгт дуртай саваагүйдээ бичнэ
Хэлхэж бичсэн минь хэн нэгэнд бас хэрэг болуузай гэж бичнэ
Хэлхэж бичиж явсаар гинжин хэлхээний гогцоог тайлна хэмээн бичнэ



0 сэтгэгдэл:

Kommentar veröffentlichen