Breaking News
Loading...
09.06.2013

Ааг сайт дарсыг исгэхийн тулд
Амтат усан үзмийг нүцгэн хөлөөрөө няцлах мэт
Зүрхэнд хурсан бүхнээ нүцгэн үнэнээр элдэн байж
Зүрхнээс зүрхэнд очих үг болгон илгээнэ
Зүрхнээс гарсан үгс минь зүгээр ч үгүй амьд байг
Зүрхнээс зүрхэнд очихдоо байгаа онон тусаж байг
Өнчин зүрхэнд хань болог
Өөрөөсөө өөр нөхөргүй нэгэнд нөхөр болог
Шархадсан зүрхний шархыг аниулж
Шаналал юуг нь тайлж байг
Хүрэл чулуун зүрхийг уяраан хайлуулж
Хайрын сэтгэлийг таниулж байг
Жаргалдаа ташуурсан зүрхийг сэхээртэл нь ороолгож байг
Жаргаж үзээгүй зүрхийг амирлуулан жаргааг
Хүлээж цөхөрсөн зүрхэнд
Хүлээсэн мэдээг нь хүргэж байг
Туниа муутай эмзэгхэн зүрхийг
Тулбирч гэмтэхээс хамгаалж байг
Хайр дутсан зүрхэнд хайр болон очиг
Хайранд бялуурсан зүрхэнд хал үзүүлэн сургаж байг
Итгэл нь алдарч гундсан зүрхэнд
Итгэл найдвар бэлэглэж байг
Зориг нь мохож няцсан зүрхийг
Зоригжуулан хурцалж байг
Тэсгэл алдаж дэнсэлсэн зүрхийг
Тайвшруулан аргадаж байг
Цадигаа алдсан цамаан зүрхийг
Цамнахаа больтол нь алгадаж байг
Замаа алдаж будилсан зүрхийг
Зөв замд нь хөтөлж байг
Амьдрал сайхан гэдгийг зарлан тунхаглаж байг
Амьд байхын утга учрыг ухуулан ойлгуулж байг
Зүрхнээс гарах үгс минь гажаа нь үгүй шулуун байг
Зүрхнээс гарах үгс минь хуурмаггүй үнэн байг
Зүрхнээс зүрхэнд дамжин
Зуун зуунаар амьдарч байг


1 сэтгэгдэл:

  1. Амар байна уу? Сайхан хэлжээ. Гялайлаа.

    AntwortenLöschen