Өнөөдөр би амьд байна
Өөр нэгэн өдөр хэрхэхийг эс мэднэ
Өнөөдөр би амьсгалж байна
Өнгөт хорвоог харж байна
Өчигдрийг тэсч үлдээд өнөөдөрт ирсэн байна
Зүрх минь цохилж байна, судас нь лугшиж байна
Зовж байна, жаргаж байна
Зоргоор дураар оршин байна
Зоргоор дураар байсаны учир
Зовлогоо зовоож байна, зовлон чинээ бодохгүй байна
Сэрж мэдэрч байна
Сэтгэн бодож байна
Сэтгэл минь догдлон дэнсэлж байна
Сэмэрч бас урагдаж байна
Сэрүүн тунгалаг оршин байна
Таван мэдрэхүй минь ажиллаж байна
Таваас илүү ч ажиллаж байна
Толгой минь мөрөн дээрээ байна
Тоймгүй олон бодлууд эргэлдэн байна
Тогтож сууж байна, тогтож суухгүй байна
Хайрлаж байна, дурлаж байна
Хардаж бас үзэн ядаж байна
Халууцаж байна, даарч байна
Хажуу дэргэдэхдээ хэрэгтэй байна, үнэтэй цэнэтэй байна
Хажиглагдан гадуурхагдаж байна, хавчигдан дарагдаж байна
Өнөөдөр л зөвхөн мэдэлд минь байна
Өнөөдөр өнгөрөхөд бүх зүйл түүх болно
Өнөөдөр - энэ өдөр өгсөж уруудахыг минь шийднэ
Өнөөдөр - энэ өдөр үл таних ертөнц рүү намайг хөтлөнө
Өнөөдөр - надад байгаа цорын ганц зүйл
Хэдэн зуун мянган өдрүүдийн дараа ч
Хэдэн мөр хэлхсэн энэ өдөр амьд байгаасай гэж хүснэ
Хэдэн зуун мянган жилийн дараа ч
Хожмын хүмүүстэй өнөөдрөөр учрахыг хүснэ
Хожмын тэр хүмүүс өнөөдөр минь ямар байсныг мэдээсэй гэж хүснэ
Өнөөдөр өнө мөнхөд үргэлжлэн байг
Өөдлөн дэвжих амьдралын эхний өдөр нь байг
Өөдлөхөө байсан амьдралын эцсийн өдөр нь байг
Өнөөдөр саар бүхний төгсгөл байг
Өнөөдөр сайн бүхний эхлэл байг
108. Өнөөдөр
Info Post
чиний шүлэгнүүдийг уншихаар уужим амьсгалмаар болох юмаа
AntwortenLöschenБлогоор минь зочилсоор байгаад баярлалаа.
AntwortenLöschen