Бор гэрийн бурхад
Info Post
2019.02.16 01:17.
Бор гэртээ би
Бурхад өвөртөлж унтдаг
Бурхдын ор дэвсгэр
Бяцхан хөлд нь наалдсан
Боорцог, талхны үйрмэгээр дүүрэн байдаг
Бурхад, би, боорцогны үйрмэг шөнийг хамтдаа өнгөрөөдөг
Бурхдын адистай үйрмэгийг өглөө нь би шүүрддэг
Бурхад намайг тэврээд зөндөө удаан шулганадаг
Баясгалантай инээд нь нүгэл үргээж хангинадаг
Бурхдыг нойрссон хойно ч
Бор гэрт минь гэрэл цацарсаар байдаг
Хар гэртээ би
Хайраас өөрийг мэдэхгүй гэрэл өвөртөлж унтдаг
Хэнхдэг цээжинд минь наалдсан
Хуруун чинээ тэр гэрэл
Хачин хурц байдаг
Халуу шатаан төөнөж
Хүрэн зүрхийг минь уяраан байдаг
Хилэнцийг минь нимгэлж
Хувь заяаг минь тэгшилж байдаг
Хаа ч явсан намайг бурхад дагаж явдаг
Хар муугаас хамгаалсан гэрэл хучиж байдаг
Бор гэртээ би
Бурхад өвөртөлж унтдаг
Хар гэртээ би
Хайраас өөрийг мэдэхгүй гэрэл өвөртөлж унтдаг
0 сэтгэгдэл:
Kommentar veröffentlichen