Намрын зэвэргэн салхи уйтайяа тэнүүчилнэ
Навч цэцэгс хагдраад нүцгэн тал л үлджээ
Настай буурал ижийгээ санан дурсах нь юуных вэ
Намар намраар холдож буйг нь анзаарч ажсан ч бил үү дээ
Намайг хэмээн санаж сарвайх нь өөр хэн сэн билээ
Амь биеэ таслаж өгөөд
Амьсгалынхаа тоогоор хайрлаж өсгөхдөө
Ацаг хөлс нэхэж ач сануулж яншаагүй
Амьдрал минь эхэлсэн мөчөөс өөрийгөө мартаж
Амь амьдрал хоёроо миний төлөө золисон
Өсөж томрохын минь хэрээр
Өөрөө элэгдэж жижгэрсэн
Өрөөлийн хар хэл амнаас
Өөдөсхөн биеэрээ халхалсан
Өндөр ижийнхээ дэргэд өчүүхэн билээ би
Хэн ч мэдэхгүй үнэнийг
Хэнд ч хэлэлгүй хадгалсан
Хардаж сэрдэн гүжирдэхэд
Хатан зүрх нь эмтэрсэн ч
Хайраа надаас буруулаагүй
Үнэн журамт ижий таны гавъяа зүтгэлийг тоолж баршгүй
Үр надаас болж нойргүй хоносон шөнүүдийг ч тоолж баршгүй
Үнэн сэтгэлийн тань гүнд нэвтэрч чадсан нь харин тоотойхон
Үнэн сэтгэлийг тань таньж хайрлаж чадсан нь харин тоотойхон
Үйл хэрэг, оюун билэгээр таньтай минь эн зэрэгцэх нь тоотойхон
Асралт ижий таныхаа ачыг хариулахын тулд би
Алив бүхний амин судсыг олж атгасу
Алив бүхний амин сүнсийг олж хөндсү
Алив далдлагдсан бүхнийг ил болгосу
Алган дээрээ тавьсан мэт нэвт тольдсу
0 сэтгэгдэл:
Kommentar veröffentlichen