Дүн өвлийн хахир хүйтнээр ужиг нойрноос
Дасал дотно дуудлага намайг сэрээв
Дасал болтлоо хаана сонссоноо санах гэж хүчлээд чадсангүй
Даарч бээрэн нойрмоглоод хэрхэхээ мэдэхгүй баахан суув
Гараа хумхин суух ахул хөшиж хөлдөхийн учир
Гар хөлөө хөдөлгөх хэрэгтэй болов
Газар доорхи ичээнээсээ гараад
Гадаад их ертөнцтэй танилцах ёстой болов
Хөлгүй их далайн захад ирээд
Хэрхэхээ мэдэхгүй гайхаж зогсов
Хөлгүй далайг хэрхэн гатлахаа эргэцүүлэн тунгааж бодов
Хөлгүй их далайг гатлахад тоймгүй олон зүйл хэрэгтэй ажээ
Тоймгүй олон зүйлийг тоолж бүртгэн шалгаж үзтэл
Тоочин тоолсон бүхэн минь надад дутуу ажээ
Тосон угтах их замыг туулахад хэрэгтэй
Тоймгүй олон дутуугаа гүйцээхээр
Дутуу бүхнээ урин дуудсан минь энэ буюу
Дундуур бүхнээ дүүргэн дуудсан минь энэ буюу
Дутуу бүхэн бүрнээ бүрдэж
Дундуур бүхэн халгин цалгин дүүрэг хэмээн
Бидэнтэй хамт байгаад
Биднээс нүүр буруулж одсон бүхнийг дуудъя
Биднийг ужиг нойронд автахад
Биднээс хулжин одсон бүхнийг дуудъя
Дуудахгүй л бол ирэхээ больсон бүхнийг дуудъя
Дундуур болон дутагдсан бүхнийг дуудъя
Доройтож гундсан золбоо хийморийг дуудъя
Дорд үзэгдэж нүдний гэм болсон хүн чанарыг дуудъя
Адлагдаж үнзгүйдсэн шударга үнэнийг дуудъя
Ариун цагаан ажил хөдөлмөрийг дуудъя
Атаа жөтөөгүй ариун сэтгэлийг дуудъя
Асран энэрч авран нигүүлсэх хайрын сэтгэлийг дуудъя
Саруул ухаан сайн явдлыг дуудъя
Сайн үйл сайхан бүхнийг дуудъя
Саар мууд үл автах бүхнийг дуудъя
Саар мууг доройтуулан дарагч бүхнийг дуудъя
Зөв бодол, зөв зам мөрийг дуудъя
Зөв үйл, зөв амьдралыг дуудъя
Зөн совин, билэг оюуныг дуудъя
Зөөлөн боловч хатууг дийлэгч бүхнийг дуудъя
Үл алдуурах итгэлийг дуудъя
Үл сэвтэгч сэтгэлийг дуудъя
Үл булингартах ухааныг дахин давтан дуудъя
Үл огоорох ухаарлыг дуудъя
Хүслээ шивнэн шившин байж
Хүслээ шивж шигтгэн байж
Хүмүүн заяаг магтан ерөөн байж
Хүмүүнд байвал зохих бүхнийг дуудъя
Дуудсан бүхэн минь дуу дуугаа авалцан ирэг
Дуудсан бүхэн минь дундаршгүй арвин байг
Дутсан сайн бүхэн тань үтэрлэн дүүрээд бялхаж байг
Дуудсан сайн бүхэн минь салалтгүй хамтдаа байг
107. Дуудлага
Info Post
0 сэтгэгдэл:
Kommentar veröffentlichen