Тэнгэр газрын хооронд төрөл дээшлээд
Тэнхээ чадалд минь хязгаар үгүй болсон байв
Тэнэгрэл мунхаглалыг таягдан хаяад
Төгс төгөлдөрт дөхөж очсон байлаа
Бүхнийг мэддэг чаддаг болчихоод
Бүхний учир шалтгааныг олчихсон байв
Бүх зүйл утгатай, урьдаас бэлдсэн нарийн төлөвлөгөөтэй байв
Бүх зүйл дур зоргоор минь бүтэж бүтэлгүйтэл золгүйтлийг мартсан байв
Өөдрөг мөрөөдөл, тэмүүлэл, хүлээлт, гэгээн төсөөллөөр дүүрэн байлаа
Өөрийгөө, өрөөлийг, өргөн хорвоог ч бүхэлд нь таньчихсан байлаа
Өчүүхэн нэгэн элсэн ширхэг бус буй бүхнийг бүтээгч нь байлаа
Өөртөө огтхон ч эргэлзэлгүйгээр өндрөөс өндөрт тэмүүлж байлаа
Гайхамшигт итгэж нууцлаг ер бусын бүхэнд ховсдуулж
Гайхамшигт итгэхийг хүссэндээ нүдээ тас аньсан байлаа
Гайхамшигт хөтлөгдөн хөөрсөөр бодит байдлаас тасарсан байв
Гарцаагүй үнэнтэй тулан газардахад хичнээн хатууг мартсан байлаа
Хамаг амьтан ахан дүүс бололцоод хачин ихээр гэгээрцгээсэн байв
Хаашаа л харна амар амгалан тогтоод
Хаа сайгүй хайр ноёрхоод аз жаргал бялхаж байв
Харанхуй сүүдэр гэрэлд хөөгдөөд хамаг бүхэн зөвхөн цагаан өнгөтэй байв
Эргэн тойрон гэрэл цацраад
Энд тэндгүй өнгөт бөмбөлгүүд байв
Эцэс төгсгөлгүй үргэлжлэх аз жаргалд мансуураад
Эргэх хорвоогийн жамыг мартаж орхисон байв...
Хэн нэгэн хүчтэнд өршөөлгүй чанга алгадуулаад
Ханаж цадашгүй сэрүүн зүүднээсээ хүчээр сэрэв
Хүсээгүй бодит байдалтай хүчээр учрахад хамаг бүхэн ЭСРЭГЭЭРЭЭ байна
Хүйтэн цэвдэг хорвоо л харин аанай л хэнэггүй дүнсийж байна
Чиглэсэн зорилгогүй чимээгүй хоосон дунд
Чармай нүцгэн орь ганцаар дагжин зогсож байна
Чанх дээрээс унахдаа өчүүхэн нэгэн элсэн ширхэг болсон байна
Чармай нүцгэн хүн сүргийн хамт хаашаа ч юм бэ туугдаж байна
103. Сэрүүн зүүдний төгсгөл
Info Post
0 сэтгэгдэл:
Kommentar veröffentlichen