Нэвтэлхүйеэ бэрх ширэнгэн ойг
Нэвтэлнэ хэмээх итгэл үгүй бол хэрхэн нэвтлэх
Нэгэн насны амьдралаа утгатай хэмээх итгэл үгүй бол
Нэг нэгээр ээлжлэх хоног өдрийг хэрхэн өнгөрөөх
Ниргэсэн хойно нь хашхирвал хэнд юунд тус болох
Түнэр харанхуй шөнийн дараа
Түгээмэл наран ахин мандана хэмээх итгэл үгүй бол
Түнэр харанхуй дунд хэрхэн төөрч үл будилах
Түмэн жил өнгөрсөн ч үр удам минь мөнх хэмээх итгэл үгүй бол
Түмэн оноор түүчээлж ирсэн үйлийг хэрхэн үл цалгардуулах
Шил шилээ даран учрах зовлон бэрхшээлийг
Шаазан мэт хэврэг итгэлээр хэрхэн туулах
Шигшиж шалган сорих олон шалгуурыг
Шил мэт нимгэн итгэлээр хэрхэн давах
Шилдэг сайн үрсүүдийг шигшиж шалгахгүйгээр хэрхэн таних
Чин үнэнч сэтгэл үгүй бол итгэл хаанаас төрөх
Чанд хатуу итгэл үгүй бол чиглэсэн зорилго хэрхэн тодрох
Чиглэсэн зорилго үгүй бол хүмүүн хэрхэн орших
Чиглэсэн зорилгоосоо хазайвал замаа хэрхэн олох
Чиглэж зорьсон замгүй бол заяагаа хэрхэн дүүргэх
Юунд итгэхээ мэддэг бол мэргэн бус уу
Юунд ч үл гуйвах итгэлтэй бол журамт бус уу
Юунд ч хамаагүй итгэдэг бол гэнэн бус уу
Юунд ч үл итгэдэг бол харанхуй бус уу
Юуны учир оршин буйгаа таниваас гэгээрэл бус уу
Хязгаарыг таньж мэдлэг олох
Хүрээгээ батжуулж өөртөө эзэн суух
Хүрээ хүрээндээ эзэн сууваас үл савлах
Хоосныг таньснаар дүүргэх аргаа мэдэх
Хоосныг дүүргэж төвшин сайханд хүрэх
Мэдлэг итгэл хосолвоос төгс хүчийг олох
Мэдэмгүй атлаа сохроор итгэвээс мухар сүсэг болох
Мэдсээр атлаа үл итгэвээс заяа доройтох
Мэдсээр атлаа мэдэн будилваас хорлол болох
Мэдэж буй хэмээн сэрэмж алдваас нүхэнд унах
Зүрхэндээ итгэлийн галгүй бол зүрх хэрхэн тэтгэгдэх
Зүрхэндээ хайрын сэтгэлгүй бол зүгээр нэгэн булчингаас ер юугаар ялгарах
Зүрхнээсээ гэрэлтэж чадамгүй бол өөр хаанаас гэрэлтэх
Зүрхэндээ итгэхгүй бол өөр юунд итгэх
Зүрхэндээ хөтлөгдөхгүй бол өөр юунд хөтлөгдөх
104. Итгэл
Info Post
0 сэтгэгдэл:
Kommentar veröffentlichen