Бөн бөн тэшиж байн байн буйлах өнчин цагаан ботго шиг
Бөг бөг харайлгаж байн байн хярах бор халзан бөжин шиг
Бөөн бөөн хар үүл тэнгэрийн хаяанд хургах шиг
Бүчиж намайг аваад нулимсан бороогоор шавших шиг
Нүүр нүдгүй загнан ширүүлснээ гэнэт зөөлрөн
Нүгэл буяныг ухуулан сэнхрүүлэх шиг
Нулимсаа энгэрт минь наан арчаад
Нааш харж инээн цааш харж уйлах шиг
Элэр баларын явдал, элэг зүрхний шаналан
Эх үрийн сэтгэл, эргэх орчлонгийн тавилан
Элэрсэн хэрнээ балраагүй зүйлс эргэлдэн намайг дагана
Эхлэл төгсгөлгүй үргэлжилж эх адаггүй хөвөрнө
Туулаад өнгөрсөн амьдрал, туучаад өнгөрсөн бүхэн
Туждаа хамт гэдгээ сануулан тувт дагадаг ажээ
Туйлж цамнаад ч нэмэргүй нэхэл хатуутай орчлонд
Туулсан бүхнээ нуруундаа үүрсээр дуусдаг ажээ
Үүрч бараагүй бүхнээ үрдээ үлдээгээд буцахдаа
Үдлээд буцах амьдралын учигийг ухсан нь хэд вэ?
Үйлийн үрийн хэлхээг тасалж чадах нь хэн бэ?
Үйлдсэн бүхний хатуу нэхлийг буцааж чадах нь хэн бэ?
0 сэтгэгдэл:
Kommentar veröffentlichen