Би-
Үл долгилох далайн гүнд хэрхэн нэвтрэх
Үл зогсох цаг хугацааг хэрхэн ухраах
Үл мэдэхийн харанхуй мананг хэрхэн нэвтлэх
Үл мэдэхээ мэдэхгүйг хэрхэн мэдэх
Нүдэнд үзэгдэхийн мөн чанарт хэрхэн нэвтрэх
Нүдэнд эс үзэгдэхийг хэрхэн олж харах
Нүгэл буяныг хэрхэн дэнслэх
Нөгөө ертөнцөд хэрхэн очих
Мартсанаа хэрхэн санах
Мартахгүйгээр хэрхэн тэсэх
Маргаашийг хэрхэн угтах
Маргаашийн цаадхийг хэрхэн тольдох
Хийгээгүй үйлээ хэрхэн гүйцээх
Хийсэн үйлээ хэрхэн цайруулах
Хэлсэн үгийг хэрхэн тогтоох
Хэлээгүй үгийг хэрхэн сонсох
Сэтгэлийг хэрхэн цатгах
Сэтгэлийг хэрхэн залах
Сэтгэлийг хэрхэн ариусгах
Сэтгэлийг хэрхэн хэвээр хадгалах
Бүгдийг хэрхэн ойлгох
Бүгдэд хэрхэн ойлгуулах
Бүгдийг хэрхэн хайрлах
Бүгдэд хэрхэн хайрлагдах
Үхлээс хэрхэн нуугдах
Үхсэн хойноо хэрхэн амьд байх
Үхэшгүй мөнхийг хэрхэн нотлох
Үхлийг хэрхэн хуурмаггүй таних
Өнгөн гадарга, тусгалыг хэрхэн давах
Өчүүхэн жижигтэйгээ хэрхэн эвлэрэх
Өнчрөл ганцаардлаас хэрхэн ангижрах
Өр ширийг хэрхэн ацаглах
Хязгаарыг хэрхэн эвдэх
Хязгааргүйд хэрхэн нэгдэх
Хязгааргүйгээс хэрхэн эгэх
Хязгааргүйг хэрхэн багцаалах
Өөрийгөө хэрхэн таних
Өөрийгөө хэрхэн олох
Өөрийгөө хэрхэн эзэмдэх
Өөртөө хэрхэн үнэнч байх
Зовлонгоос хэрхэн салах
Зовлонтой хэрхэн эвлэрэх
Зовлонг хэрхэн үл зүхэх
Зовлонгүйгээр хэрхэн үл уйтгарлах
Хожимдохоосоо өмнө хэрхэн гэмших
Хойд урдахийг хэрхэн зэрэгцүүлэх
Хоёргүй сэтгэлээр хэрхэн итгэх
Хоосон дүүрнийг хэрхэн ялгах
Би-
Хэрхэх тухай бодлоосоо хэрхэн салах
Хэрхэхийг хэн мэддэгийг хэрхэн мэдэх
Хэрхэхийг мэдэгчтэй хэзээ нүүр тулах
Хэрхэхийг давсан хүмүүнийг хэрхэн олох
96. Хэрхэн?
Info Post
0 сэтгэгдэл:
Kommentar veröffentlichen