Н.Ц-д.
Бороо шаагин орсоор л байна
Бороон дунд би ганцаар зогсоно
Бөртийх бараагүй дүнсгэр харанхуйд
Бөөн бодолд дарагдан ганцаар зогсоно
Хэзээнээс эхлэн энд зогсож байгаагаа мэдэхгүй
Хэдий хүртэл ганцаар зогсохоо ч мэдэхгүй
Хаанаас ирсэнээ ч хаа хүрэхээ ч мэдэхгүй
Хэн нэгэн ирээд аваад явахыг нь хүлээнэ
Бороо зогсож нар мандахыг хүлээнэ
Бодол цэгцэрч нулимс татрахыг хүлээнэ
Будан манан арилж гэгээ орохыг хүлээнэ
Буцаж эргэхгүйгээр урагшлахыг хүснэ
Сэтгэлийн гунигаа нулимс болон шавхарч дуусахыг хүлээнэ
Сэтгэлийн шархаа бороонд шавшуулан анихыг хүлээнэ
Сэтгэлийн дуудлагаа олж сонсон сэрэхээ хүлээнэ
Сэрүүн зүүднээсээ сэрж амьдралд хөл тавихыг хүснэ
Гэрэл гэгээ цалгисан тэр ертөнцөд очихыг хүснэ
Ганцаардал мухардлыг ор тас мартахыг хүснэ
Гэрэл гэгээ, илч дулааныг хүснэ
Гэртээ зөвхөн гэртээ л харихыг хүснэ
Бороо зогсож нар мандана
Бодол цэгцэрч нулимс татарна
Будан манан арилж гэгээ орно
Буцаж эргэхгүйгээр урагшилж одно
Зогсож байсан газар минь цэцэг ургана
Золгүй түүхийг минь дэлбээгээрээ арчина
Зол жаргалын дуунд тэр байраа тавьж өгнө
Зовлон шаналал бүхэн хийсэн одно
0 сэтгэгдэл:
Kommentar veröffentlichen