Ужиг нойронд автагсад сэрэгтүн
Ухаангүй дугжран нойрсогчид босогтун
Уйлан дуулан гонгиногсод сэрэгтүн
Урагшгүй дорой бүхэн босогтун
Өөрийгөө таньж мэдэгтүн
Өөртөө эзэн бологтун
Өрөөл нэгнийг дэмнэгтүн
Өөрийн нутгаа өмгөөлөгтүн
Ирт илдний ширвэлт мэт
Исгэрэх сумны зэв мэт
Идэрмэг залуу баатар мэт
Идэр есийн жавар мэт
Үл цавчих нүд мэт
Үл аюух зүрх мэт
Үл шавхагдах ундарга мэт
Үл торох хатгалт мэт
Догшин хар сүлд мэт
Доргион нүргэлэх уухай мэт
Дорноос мандах наран мэт
Домгоос амилсан үнэн мэт
Хуурнин шуугих шонхор мэт
Халин нисэх бүргэд мэт
Хуйлран эргэлдэх хуй мэт
Хамгийг хаман одох уруй мэт
Өндгөө харамлах шувуу мэт
Өнгөнд үл хууртах журам мэт
Өв тэгш ухаан мэт
Өндөр язгуурт угсаа мэт
Харайн дүүлэх барс мэт
Хамхлан довтлогч аргамаг мэт
Хашин номхотгогч арслан мэт
Халдагсдыг хариулах харуул мэт
Жанжин туг мэт
Жагсаалын цэрэг мэт
Жаран сүүлт аварга могой мэт
Жаргалын дууг түүчээлэн
Зориглон хөдөлцгөөгтүн
Зорилгоо нэгтгэцгээгтүн
Заяа тавиландаа эзэн суугтун
Зальхай шунахайг үлдэн хөөгтүн
Ужиг самууныг цэгцлэгтүн
Улиг болсоныг халагтун
Урьдын гэмийг яллагтун
Угтах ирээдүйг бататгагтун
Эв саналаа нэгтгэгтүн
Эрхэм журмыг сахигтун
Энх тунхыг дээдлэгтүн
Элбэрэл хайрыг түгээгтүн
95. Сэрэгтүн!
Info Post
0 сэтгэгдэл:
Kommentar veröffentlichen