Breaking News
Loading...
17.10.2014


Сэтгэлийн мяндсан утсыг юу тэгтэл дэнслүүлнэ вэ
Сэмрэн сэмрэн донсолж тасарчих шахах нь юуных вэ
Сэтгэлийн мяндсан утас юугаар нэхэгддэг вэ
Сэмрээд сэмрээд дуусдаггүй сэтгэл хэмээгч нь юу вэ
Зовлон шаналлын хөрөөгөөр хайр найргүй хөрөөдсөөр атал
Зоргоор тасарч өгөхгүй зууралдан санжигнах нь юуных вэ
Зовлон жаргалын аль нь сэтгэлийг илүү хөглөдөг вэ
Зүрхнээс ундрах аялгуу бүгд адилхан байдаг уу
Сэтгэлийн олон өнгө, хувирал хаанаас эхтэй вэ
Сүлэлдэн холилдох тэдэнд хэлбэр дүрс бий юу
Сэтгэл хэмээгч нь санамсаргүй хоосон зүйл үү
Сайтар бодож боловсруулсан хэн нэгний бүтээл үү
Тэвчээрийн алтан чавхдас хаа хүрээд тасардаг вэ
Тэнхэл алдан тасрахуйд сэтгэлийн хөг алдуурч
Тэнэглэл мунхаглал харанхуйлан залгаад авдаг уу
Тэнэглэл мунхаглал гэгч нь ямар өнгө эгшигтэй вэ
Сэрж мэдэрч буй бүхнээ үгээр илэрхийлэхэд яагаад тийм хэцүү вэ
Сэтгэлийн түмэн утаснаас эгшиглэх буман аялгууг
Сэрүүн тунгалаг чигээр нь илэрхийлэхэд үг хүрэлцэхгүй гэж үү
Сэтгэлийг хэрхэн бодитоор мэдэрч, сонсож, илэрхийлэх вэ
Алган дээрээ тавин үнэрлэж, амтлах боломжтой юу
Амталж хүртэж мэдэрвэл мэлмий минь нээгдэх үү
Аз жаргал тэгвэл ямар өнгөтэй байдаг бол
Амталж нэг үзвэл салахгүй шунан дурлах уу
Хайрын сэтгэл, итгэл найдвар сэтгэлийн утсыг тасаршгүй бөх болгоно уу
Хүний махан биеийг торлон бүрхэж тогтоон барина уу
Хүнээс өөр сэтгэлтэй амьтан байна уу
Хүн эсвэл гагцаар сэтгэл гэгчид эзэмдүүлэн дарлагдана уу
Сэтгэл гэгчийг хэн юу захирна вэ
Сэтгэл гэгч хэнд юунд хөтлөгдөнө вэ
Сэтгэлийг хэрхэн сэрүүн тунгалаг байлгах вэ
Сэрүүн тунгалаг сэтгэл дангаар оршиж чадах уу
Гандаж гундаж сэмэрч урагдсан ч сэтгэл гэдэг
Ганцхан утсан дээр ч амилан сэргэдэг гайхамшиг уу
Ганцхан үгэнд ч ээдэн гашлах сүү юу
Ганцхан үгэнд ч баясан ургах цэцэг үү
Сэтгэлийн мяндсан утсыг юу тэгтэл хөндөн дэнслүүлнэ вэ
Сэмрэн сэмрэн донсолж тасарчих шахах нь юуных вэ
Сэтгэлийн мяндсан утас юугаар нөхөгддөг вэ
Сэмрээд сэмрээд дуусдаггүй сэтгэл хэмээгч нь юу вэ


0 сэтгэгдэл:

Kommentar veröffentlichen