Breaking News
Loading...
31.10.2014



Будар будар салхи нь
Бодол аргадан сэвшинэ
Босон суун саравчлах нутаг минь
Бодлын үзүүрээс салахгүй
Богино зуны настай хүний амьдралыг яалтай
Эрт урьдын цагаас эхийн сүү үнэртэнэ
Ээнэгшин дассан нутаг минь
Элэг зүрхнээс уяатай
Эргэж ирэхгүйгээр одсон бүхнийг яалтай
Элэрч балраад дуусдаг энэхэн тавиланг яалтай
Хүсэл хясал хоёр нь зэрэгцэн байдаг хорвоод
Хүмүүний сэтгэл ханасан удаа бий юу
Хүсэж тэмүүлсэн бүхэндээ хүрсэн удаа бий юу
Хүссэн бүхнээ хүртээд тогтоон барьсан нь хэд вэ
Хайрлаж харамласан бүхнээ үүрд эзэмшсэн нь хэн бэ
Сэр сэр салхи нь
Сэтгэл сэмлэн сэвшинэ
Сэрж мэдэрсээр байгаа цагт
Сэтгэл минь дэнсэлсээр л байх уу
Сэтгэлээ мухарт нь хүртэл хэрхэн яаж уудлах вэ
Бур бур салхи нь
Баруун хойноос салхилна
Баатар өвгөдөө санахлаар
Балчир биеэ голно
Баатар өвгөдийнхөө энд хэрхэн яаж хүрэх вэ
Ангис гангис салхи нь
Алтайн уулсаас салхилна
Алтайн уулсаа санахлаар
Аньсага нүд минь чийгтэнэ
Алтан дэлхийд онож төрсөн заяа минь
Домч дэмч салхи нь
Домог түүхээс салхилна
Дотор сэтгэлээ сонордохоор
Дорно өрнө зэрэгцэнэ
Долоон голтой амь минь дороосоо ноцон дүрэлзэнэ
Хөх бөх салхи нь
Хөндийгөө дүүрээд салхилна
Хөх мөнх зөн минь
Хийсэн алдан дэрвэлзэнэ
Хий хүлэгээ хөлөглөөд
Хүрэх хязгаарыг зорьтугай гэв ээ

0 сэтгэгдэл:

Kommentar veröffentlichen