Breaking News
Loading...
29.01.2014



Гараа алдлан газар хэвтээд эх дэлхийгээ сонордоно
Гадарга хөрсийг нь нэвтлэхийг чармайн хоёр чихээ ээлжлэн наана
Газар дэлхий дээр болж өнгөрсөн бүхэн газартаа түүх болон шингэсэн байна
Газрын гүнээс ирэх долгионыг чихээрээ биш зүрхээрээ мэдэрнэ
Хөрс шорооноос түүх амилаад хүний хэлээр хүүрнэн өгүүлнэ
Хүү минь чи юун дээр хэвтэж буйгаа мэднэ үү хэмээнэ
Хөлөг баатар өвгөд минь хүлэгтэйгээ давхилдаж үзэгдэнэ
Хатан гоо ижий нар минь гунхалзан алхалж харагдана
Царай зүс нь тодрон тодорсоор над руу ойртон ирнэ
Цэл залуухан Дээдсүүд минь эгээ л надтай адилхан харагдана
Цээжний гүнээс баясал төрөөд угтан гүйхээр өндийх гэнэ
Цэгээн чулуунд наасан толгойоо өргөн дааж үл чадна
Дөтлөн ойртсоор дэргэд минь ирээд толгойн тушаа газар сууна
Дулаан илч хайрыг нь мэдрээд дуг хиймээр болон тайвширна
Дасал дотно үнэрт нь мансууран амтат зүүдэнд умбах шиг болно
Даанч их хайртайг нь мэдээд өөрийгөө голон гонсойно
Халуун гараараа толгойг минь илбээд
Хацар нүүрийг үнсэн таалахад нь
Хэнхдэг цээж минь хайраар дүүрээд
Хаанаас ирсэнээ би мэдлээ гэж хашхирмаар болно
Дээдсүүд минь надад түүхээ хүүрнэнэ
Дэлхийн түүхийг цугт нь хүүрнэнэ
Дэлхийг хурааж тохинуулсанаа хүүрнэнэ
Доройтож бутарч мөхсөнөө ч хүүрнэнэ
Ялгуусан ялалт, гавъяагаар нь омогшин бахархана
Ялагдал, алдаа эндлийг нь сонсоод энэлэн шанална
Ялсан ч ялагдсан ч нэг л хэвээрээ байсанд нь бахархана
Ядарч туйлдаж зовсон ч нэрээ хугалаагүйд биширнэ
Өстөн дайсны хорлол өр зүрхийг өмрүүлнэ
Өөр зуураа эвдрэлцэж алалдан тэмцсэнд шанална
Өөрсдийгөө золин байж үрсээ үлдээснийг мэднэ
Өвгөд дээрээ гишгэчин байж өндийн торнисноо ухаарна
Хэмжээлшгүй ачлалыг нь өгүүлэхэд үг мөхөсдөхийг мэдлээ
Хэний ч өмнө нүүр улайхааргүй агуу түүхтэйгээ ухаарлаа
Хэний ямархан үр болохоо таньж мэдэж авлаа
Хэн ч биш байх эрхгүйгээ ухаарлаа
Гараа алдлан газар хэвтээд эх дэлхийгээ сонордлоо
Гадарга хөрсийг нь нэвтлэхийг чармайн хоёр чихээ ээлжлэн наалаа
Газрын гүнээс ирэх долгионыг чихээрээ биш зүрхээрээ мэдэрлээ
Газраас толгойгоо салган өндийхөд цэгээн чулуун дээр бүлээн нулимс тунасан байлаа






0 сэтгэгдэл:

Kommentar veröffentlichen