Урьхан хонгор салхи сэвлэг юуг минь илэх шиг болох нь
Учирлан аргадан байж сэвлэг үсийг минь илэх Эмэг минь ажээ
Уяран хайлж баясаад дуулмаар болох нь
Уяхан сэтгэлт Эмэг минь уянгалуулан дуулж буй нь тэр ажээ
Зүрх сэтгэлд омогшил төрж бүлээн цус минь буцлах шиг болох нь
Зүрх зоригоороо гайхагдсан дайчин Өвөг минь ханхалзах нь тэр ажээ
Зүүд нойрон дунд омголон хүлэг үүрсэх шиг болох нь
Зоригт жанжин Өвөг минь хүлэгтэйгээ эргэцэх нь тэр ажээ
Худал хуурмагтай тулаад дотор бачимдан бухимдах нь
Хувиршгүй үнэнч, чигч шударга Өвөг минь эгдүүцэн уурсах нь тэр ажээ
Хар муу бүхнийг хараад сууж тэвчихгүй адгах нь
Ханхар Өвөг минь хөмсөг зангидан бодлогошрох нь тэр ажээ
Гэнэ гэнэхэн санаа алдаад ганц хоёр нулимс дуслуулах нь
Гоо үзэсгэлэнт Эмэг минь тунин эрхлэх нь тэр ажээ
Гэнэтхэн сэтгэл дэнслээд цурхиртал уйлмаар болох нь
Голоос хайртай Эмэг минь баруун мөрийг минь түшин уйлах нь тэр ажээ
Харагдах дүр минь ганцаар боловч
Хаа ч явсан би олуулаа ажээ
Хажуу дэргэдээс минь үл холдох Өвгөдийнхөө
Хайранд өлгийдүүлсэн үрэл ажээ
Жаргасан ч зовсон ч бид хамтдаа
Жам ёсыг дагаж сахин хамтдаа
Уйлсан ч дуулсан ч бид хамтдаа
Уярсан ч уурссан ч бид хамтдаа
Үргэлж хамтдаа байж
Үүрд мануулах ямар гавъяа байгуулснаа
Үр би хэлж мэдэхгүй ч
Үндэсдээ гологдохгүй мөчир байхыг хүснэ
Хэтэрхий жаргалтай явахдаа хамт гэдгээ мартсаныг Өршөө
Хэтэрхий жаргалын минь төлөө хэцүү бэрхийг туулсныг тань умартсаныг Өршөө
Хэсэгхэн зовлон тохиоход л санадаг байсныг минь Өршөө
Хэсэгхэн зовлонг даахгүй тараа таниулсан бол Өршөө
Өндөр Өвгөдийнхөө хөлийн чигчийд ч үл хүрэх ч
Өндөр Өвгөдийнхөө алдрыг сэвтээхгүйг хүснэ
Өдий зэрэгтэй яваагаа өөрийн сайных хэмээн омтгойрсон
Өчигдөргүй өнөөдөр байдаггүйг мартсан өөдгүй муу үрээ Өршөө
Охорхон бодолтой овилгогүй үрээ Өршөө
Орчлонгийн жам ёсыг таниагүй
Ойворгон муу үрээ Өршөө
Олхиогүй мунхаг байж итгэлийг тань хөсөрдүүлсэн бол Өршөө
Хүний орчлонд эрийн сайнаар яваа мэт мунхагласныг минь Өршөө
Хүний дайтай явуулах гэж өөрсдийгөө золисон Өвгөд минь Өршөө
Хүндлэл хайрын сэтгэлээ гээсэн үрээ Өршөө
Хүнийрхэж хөндийрхөж явсан хөлдүү дотортой үрээ Өршөө
Минийх гэх бүхэн та нарынх билээ
Мах, яс, цус, зүрх сэтгэл минь та нарынх билээ
Мэдэмхийрч ихийг донгодох уураг тархи минь ч та нарынх билээ
Маргаж мэтгээд ч нэмэргүй би БҮХЛЭЭРЭЭ ТА НАРЫНХ билээ
59. Бид
Info Post
0 сэтгэгдэл:
Kommentar veröffentlichen