Breaking News
Loading...
02.02.2014

Өөх ч биш булчирхай ч биш байж чадахгүй
Өндөг шиг өөгүй байх гээд өөрөөсөө би урвахгүй
Өөдгүй мунхагуудад дарлуулж доромжлуулж тэвчихгүй
Өвгөдийн алдрыг гутааж шороотой хутгахгүй
Харанхуйг гэрэлтүүлэх бамбар мэт асан дүрэлзсээр дуусна
Харвасан сум мэт эргэж буцалтгүй урагшилна
Харцага шонхор мэт дураар халин дүүлнэ
Хар муу бүхэнтэй хайр найргүй тэмцэнэ
Үдлээд буцах хорвоод үлдэх мөртэй амьдарна
Үнэн зөвийн талд л гуйвашгүй бат зогсоно
Үхээнц дорой царайлж өдөр хоногийг өнгөрөөснөөс
Үхвэл үхээд сэхвэл сэхэхийг илүүд үзнэ
Зөв хэмээн итгэвэл буг байсан ч дагана
Зөв гэсэн бүхнээ хэнээс ч асуухгүй хийнэ
Зөв бодол, зөв үг, зөв үйлээр заяа тавилангаа тэгшилнэ
Зөөлөн нь хатуугаа дийлдэгийг умартаж мартахгүй
Буруу хэмээн жигшвэл бурхан ч байсан тэмцэнэ
Бузар булай бүхнийг илчлэн уудална
Байх газаргүй болтол нь үлдэн хөөнө
Буй бүхнийг байвал зохих газарт нь байлгахын төлөө тэмцэнэ
Хаанаас ч харсан танигдах хурц нэгэн гэрэл байхыг хүснэ
Харанхуйг зүсэн гэрэлтэх тод нэгэн туяа байхыг хүснэ
Хоёр нүүрт хорон санаатнуудын хуурамч багийг нь хуу татна
Хогийн ургамал шарилж мэтсийг үндсээр нь зулгаан устгана
Зүрх сэтгэлдээ тээсэн Өвгөдөөсөө хэзээ ч урвахгүй
Зүтгэж тэмцэж ирсэн замаас нь хэрхэвч хазайхгүй
Зүгээр суун алхайж тайвшрах эрх үгүй
Зүрх сэтгэлдээ л захирагдаж өөртөө үнэнч явна
Үүлэн чөлөөний нар шиг амьдрахдаа
Үнэний дууч явсаар дуусна
Үлдэж хоцрох үр удамдаа
Үлгэр дуурайл болохын төлөө зүтгэнэ




0 сэтгэгдэл:

Kommentar veröffentlichen