Алив чи босооч
Алхайж хэвтэхийн оронд хөл дээрээ бат зогсооч
Алсыг харж уужим сэтгээч
Амирлангуй зүүднээсээ сэрээч
Хий чалчихын оронд хийж бүтээгээч
Хоосон цэцэрхэхийн оронд биеэр үлгэрлээч
Харааж зүхэхийн оронд учгийг нь олооч
Хойш нь суухын оронд оройлон манлайлаач
Өөрийгөө таньж өөртөө эзэн болооч
Өөрөө өөртөө л үнэнч байчхаач
Өөрийгөө урьтаар ялчихаад
Өрөөл бусдыг сэрээн дагуулаач
Туйлын зорилгоо олж хараач
Тулгарах саадыг туулаад гараач
Тэсэх ёстой газар нь тэссэн шиг тэсээч
Тэсрэх ёстой газар нь тэсэрсэн шиг тэсрээч
Би би гэж өөрийгөө бүү өргөмжлөөч
Би гэдэг өвчнөөсөө эхлээд салчхаач
Болохгүй бүхний шалтгааныг өөрөөсөө хайгаач
Бүтэхгүй байгаа бүхнийг өөртэйгээ холбооч
Аугаа ихийн өвчин тусч
Алиа салбадай мэт бүү аяглаач
Авах идэхийн шуналаа хазаарлаж татаач
Ахархан богино амьдралаа дэмий бүү үрээч
Замнах ёстой замаараа л замнасан шиг замнаач
Замын дундаас битгий эргэж буцаач
Заяа тавиландаа эзэн нь болооч
Зам үгүй газар жим ч болтугай гаргаач
Хийх ёстой үйлээ л хийсэн шиг хийгээч
Хүнийг өөнтөглөхөө урьтал бүү болгооч
Хийж бүтээх нэгэнд гай бүү болооч
Хийж бүтээх нэгэнд зай болооч
Цаг хугацаа чамайг хүлээнэ гэж бодно уу
Цаг хугацааг ч бас худалдаж авч болно гэж сэтгэнэ үү
Цаашид энэ л хэвээрээ байна гэж мунхарна уу
Цаг нь ирвээс хэрхэхээ чи мэдэх үү
Зүгээр сууж байхад жаргал ирнэ гэж найдна уу
Зүтгэл тэмцэлгүйгээр урагшилна гэж горьдоно уу
Зоргоор дургиж амьдраад өнгөрнө гэж бодно уу
Зоргоор дургисны зол болдог гэж сэтгэнэ үү
Хэн нэгэн ирээд аварна гэж хүлээнэ үү
Хэн байхаа чи өөрөө сонгодгоо мэдэх үү
Хэн ч биш болох хамгаас амарханыг мэдэх үү
Хүмүүн байх гэдэг хамгаас эрхмийг мэдэх үү
Зүгээр хэлээд ойлгохгүй бол нэвширтэл чинь занчъя
Зүрх сэтгэлээ сонсдоггүй бол сонстол чинь занчъя
Зөв буруугаа ялгадаггүй бол ялгатал чинь занчъя
Занчууллаа гээд өширхвөл өөртөө л гомдоорой
Хүн чанар хүнлэг сэтгэлийг чинь сэргэтэл занчъя
Хүмүүн төрхөндөө эргэж ортол чинь занчъя
Хүмүүн байхын учрыг ухтал чинь занчъя
Хүмүүн гэдэг нэрэндээ эзэн суутал чинь занчъя
61. Занчилт
Info Post
0 сэтгэгдэл:
Kommentar veröffentlichen