Том толгой гарган Тэнгэрт хандсу
Түмэн олон Онгодуудад хандсу
Тэнгэрийн олон Баатруудад хандсу
Тэрсүүдийг дарагч Хангалуудад хандсу
Өчүүхэн хорхой би бээр дээшээ хашхирахын учир нь
Өдгөө бидний амь зууж буй нийгэм нь худал хуурмагт идэгдээд
Өнгө мөнгийг шүтээд өөд уруугүй тэмцэлдээд
Өчүүхэн хулгайч луйварчдаар дүүрээд
Цэцэн ухаантан нь ховордоод
Цэцэрхэгчид нь олшроод
Цэвэр сэтгэлтэн нь цөөдөөд
Цэвдэг сэтгэлтэн нь үржээд
Толгой түрийгүй үймээд
Түрийний бөөс тэргүүнд гараад
Түмэн жилийн түүхт хасбуу төр нь ялзраад
Хөх Монгол хэмээгч нь тартагтаа тулаад
Харь элэгтнүүд толгойд гарч хамаг ардыг дарангуйлаад
Хамаг ард нь хий гаслахаас өөрийг хийж чадахаа байгаад
Хүмүүний мөс чанар нь нүдний гэм болоод
Бултаараа цөмөөрөө намаг балчигт шигдээд
Буцаж гарах аргагүй ангалд унаад
Буруу зөвөө ч ялгахаа байгаад
Бугшмалд идэгдээд бузрыг үйлдсээр
Аргаа баран туйлдаад амь тавин тэмцэлдээд
Амар тайвныг огоороод алхах газаргүй болсны учир
Амьсгалах агааргүй болсоны учир
Ахиад хүлээвэл сүйрэхийн учир
Том толгой гарган Тэнгэрт хандсу
Түмэн олон Онгодуудад хандсу
Тэнгэрийн олон Баатруудад хандсу
Тэрсүүдийг дарагч Хангалуудад хандсу
Хөх Монголоо хөрстөөс арчигдахаас өмнө аварч хайрла
Хөх Мөнх Тэнгэрийн сүр хүчийг үзүүлж хайрла
Хөх дэлхийг түвшин амгалан болгож хайрла
Хүмүүн төрөлхтөнг хүмүүн төрхөнд нь оруулж хайрла
Үл итгэгчдийг ниргэж хайрла
Үл мэдэгчдийг сэхээрүүлж хайрла
Үл ойшоогчдыг залхааж хайрла
Үл хайрлагчдыг тамлаж хайрла
Гэмтнийг нь гэсгээж хайрла
Гэгээрснийг нь аварч хайрла
Гэмгүй нэгнийг нь өршөөж хайрла
Гэнэн тэнэгийг нь ухааруулж хайрла
Намаг балчигаас чөлөөлж хайрла
Наран мэт гэрэлтүүлж хайрла
Нийхэмээр бадрааж хайрла
Ний даяар нь тохинуулж хайрла
Цэрийг нь цээжинд
Бөөрийг бөгсөнд болгож хайрла
40. Дээшээ хашхирах нь
Info Post
0 сэтгэгдэл:
Kommentar veröffentlichen