Аргамагийн хөлөөр боссон тоос тэнгэрт тулна
Алалдах тулааны уухай хөндий дүүрнэ
Амьдрал үхэл хоёр зэрэгцэн алхана
Ахиад босож ирэхгүйгээр баатрууд унацгаана
Сөстэй бяртай эрчүүд халз тулна
Сэхэх үхэхээ үзэхээр улайран тэмцэнэ
Сэлэм гялсхийж жад сэрийлдэнэ
Сэг зэм дээгүүр элээ эргэлдэнэ
Догшин хар туг намиран дэрвэнэ
Дайны тэнгэрийг хурайлан дуудна
Дайсныг мохоон зоригийг хурцална
Довтлон орох замыг заана
Идэр залуухан жанжин хүлэгтэйгээ эргэцэнэ
Их үдийн наранд дуулга нь гялалзана
Идэрмэг цэргээ эмхлэн засна
Их бүрээгээ татуулж сүүлчийн дайралтын дохио өгнө
Тэнгэртэй нэгний ялалтын од гийж
Тэнэмэл дайсны үхэх цаг нь ирнэ
Тэнгэрт ивээгдсэн суу заль бадарч
Тэрслүү дайсны хоногийн тоо гүйцнэ
Хамгийн тэргүүнд харвасан сум мэт шунгинан орно
Хатгалдах дайсныг хамх цохисоор
Харваа намнааг хариулан няцаасаар
Харь дайсныг доройтуулж жанжин тугийг нь хураана
Тойгтныг сөхрүүлж толгойтныг бөхийлгөж
Тэрсүүдийг дарж түрэмгийг номхотгоод
Туг хиураа хийсгэж дайчин алдраа дуурсгасаар
Түмэн бээрийн алсаас тэндэх гэрээ зорино
Хальсан баатруудын сүнсийг баясгаж
Хуурын аялгуу зөөлөн эгшиглэнэ
Харьж ирээгүй баатруудаа дурсаж
Хүдэр эрчүүд цээжиндээ мэгшинэ
37. Тулаан
Info Post
0 сэтгэгдэл:
Kommentar veröffentlichen