Breaking News
Loading...
27.08.2014

Амьдрах хийгээд амь зогоохын агаар нэгэн үү
Амьдрахын тулд бусдын амийг золих ёстой юу
Амьдралын утга учрыг юугаар хэмжих вэ
Амьтай голтой бүхэн амьд явах эрхтэй юу
Хувь заяагаа бусдад даатгах нь
Хувь заяаныхаа эзэн болохоос амар уу
Хийж бүтээхээс хоосон чалчих нь амархан уу
Хилэн омог нь ухаарлаас өмнө байдаг уу
Зэмлэл, шүүмжлэлээс магтаал нь амттай юу
Зэм, гэм хийвэл заавал үүрэх ялтай юу
Зэрвэс харах нь онож тольдохоос хялбар уу
Зэргийн олон нөхдөөс үнэнч анд нь хэд вэ
Өөрийгөө ялах нь өрөөлийг ялахаас хэцүү юу
Өрөөлд өөрийгөө ойлгуулах нь
Өөрийгөө ойлгохоос хялбар уу
Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөөд нэмэртэй юу
Үнэнийг хэлээд адлагдснаас
Үгсэн хуйвалдсан нь дээр үү
Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцэх үү
Үнэн худлын хооронд хэр их зайтай вэ
Сайн санааны үзүүрт шар тос уу ус уу
Сайхан дүртэн бүхэн сайн санаатан байдаг уу
Сэтгэл хэмээгч нь хаана байдаг вэ
Сэрж мэдэрдэг бүхэн сэтгэлтэн мөн үү
Жаргахын тулд заавал зовох ёстой юу
Жаргал зовлон хоёр эн тэнцүү ээлжилдэг үү
Жам ёсыг хэн сахиулж манадаг вэ
Жамыг сөрж зогсоод хэн юу хожих вэ
Замаа олохгүй төөрдөг нь хүмүүний зан уу
Замын дундаас буцах нь оргилд гарахаас хялбар уу
Замаа алдаж төөрсөнөө хэрхэн яаж мэдэх вэ
Зам зааж чиглүүлэгчийг хэрхэн яаж таних вэ
Үйлийн үр гэдэг нь үнэхээр байдаг зүйл үү
Үлгэр домгийн адил ор хоосон зүйл үү
Үйлдсэн үйлийн үрийг эргэж заавал амсдаг уу
Үйлдээгүй үйлийн үр харин хаашаа оддог вэ
Хуурамч итгэлээр сэтгэлээ цатгах нь буруудахын цондон уу
Хуврагт мөргөж шаварт сүслэснээс ялгаатай юу
Хуурамч итгэл мухар сүсгээр хэр хол явах вэ
Харанхуйн дунд тэмтчих нэгний орь ганц түшиг нь үү
Бурхан чөтгөр гэгч нэгэн биед оршдог уу
Биеэ бурханд өргөмжилдөг нь хүмүүний л араншин уу
Бурхангүй газрын бумба галзуурдаг уу
Бурхантай газар юу галзуурдаг вэ
Шунал, тачаал, мунхаглал нь
Шударгуу сэтгэл гэгээрлээс элбэг үү
Шалгарч тодорсон үнэнийг эцсийн мөчид л ухаардаг уу
Шалгаж тодолж буй нь цагийн урсгал уу
Илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрдэг үү
Ихийг бүтээж бага чалч гэж гар хоёр заяасан уу
Их барьсан  ч өмхий бага барьсан ч өмхий хэмээн
Илжирсэн намагтаа улам гүн шигдэх үү
Авах хүнд ганц үг ч эрдэнэ үү
Авах гээхийн ухаан хүн бүрт байдаг уу
Авсан бүхнээ эргүүлээд өгдөг үү
Аваа өгөө хоёрыг тэнцүүлэхийн учир юу вэ








0 сэтгэгдэл:

Kommentar veröffentlichen