Угийн их гарвалууд
Удмын их шүтээнүүд
Буурлын буянт Онгодууд
Баатар зоригт Өвгөдүүд
Өлзийт Өндөр Дээдсүүд
Өндөр дээд ижий нарынхаа өлмийд нь сөгдөн байж
Сүүн цагаан цацлын оронд
Сэтгэлийн энэхэн өчлөө дуу болгож өргөмү
Сэтгэлийн элдэв буртагаа нулимсаараа угаан байж
Сэтгэл зүрхээ уудлан байж өчсү
Алаг махны тань тасархай
Ариун цусны тань үргэлжлэл
Анхиагүй муу үр чинь
Аврал өршөөл эрэн байж өчсү
Хар толгойгоо гудайлгаж
Хэнхдэг цээжээ яран хамаг бүхнээ дэлгэн байж
Хар цагаанаа дэнслүүлэхээр
Хайлан уйлан өчсү
Тоомжиргүй хэнэггүй явсаныг минь өршөө
Тоймгүй олон алдааг минь өршөө
Төөрөлдөж мунхарч явсаныг минь өршөө
Төөрөг тавилангаа ухаараагүйг минь өршөө
Хий биетэй хийсгэлэн дүртэй ч
Халуун зүрх хайрын сэтгэл тань хэвээр гэдгийг мартсаныг өршөө
Харагдах бие баригдах дүрсгүй ч
Хүмүүний дээд хайлангууд гэдгийг тань умартсаныг өршөө
Амны зоргоор чалчиж аархаж явсаныг өршөө
Амин хувийн жаргалыг эрхэмлэж
Алдхан биеэ оторлож явсаныг өршөө
Аар саархан зүйлээр өдөр хоногийг үрсэнийг минь өршөө
Гурван цагийн хэлхээг умартсаныг өршөө
Гурав хоногийн насгүй итгэлтэй байсныг минь өршөө
Гуниж гутрахаа урьтал болгож
Гуйвж дайвж явсаныг минь өршөө
Хүн чанар, хувиршгүй итгэл, хатан зориг
Хайрын сэтгэл, уужим ухаан, хүнийг хүн болгодог бүхэн
Хөлийн тань чигчий хуруунд ч хүрэхгүй болсоныг өршөө
Хөлөөрөө толгой хийж хөлбөрч явааг өршөө
Өнгө мөнгөнд дөрлүүлж өнөө маргаашаас хэтэрч сэтгэхээ больсоныг өршөө
Өнгөцхөн гүехэн харчихаад өнгөн дүрэнд хууртдаг болсоныг өршөө
Өрөөл бусдын төлөө хуруугаа ч хөдөлгөдөггүйг өршөө
Өөрийгөө харин бүхнээс дээгүүр тавин өргөмжилдгийг өршөө
Зүрх сэтгэл гээч нь нэрийн төдий болсоныг өршөө
Зүрхэндээ хайр бус хар тээдгийг өршөө
Зөв буруу хоёрыг ялгахаа больсоныг өршөө
Зүрх сэтгэлээ сонордож чадахаа больсоныг өршөө
Буруу бүхнийг мэдсээр үйлддэгийг өршөө
Буруу бүхэнтэй эвлэрэн дуугай өнгөрдгийг өршөө
Буруу бүхэнтэй тэмцэх зориг тэвчээр дутдагийг өршөө
Буруу замаар будаа тээж буй бусад олон үрсүүдээ өршөө
Угийн их гарвалууд
Удмын их шүтээнүүд
Буурлын буянт Онгодууд
Баатар зоригт Өвгөдүүд
Өлзийт Өндөр Дээдсүүд
Өндөр дээд ижий нар минь
Гундсан балчир үрээ гуйвашгүй бат итгэлтэй болгож хайрла
Гулзайж хугарахгүй ноён нуруутай болгож хайрла
Гуйлга гуйж бусдын шавхрууг горьдохгүй болгож хайрла
Гурван цагийн хэлхээсэнд мөнхөрч үлдэх мөртэй болгож хайрла
Хүн чанар хүнлэг сэтгэлийг хамгийн ихээр хайрла
Хайр хэмээгч нь юу болохыг таниулж хайрла
Хамуурсан тархи оюуныг минь сэрээн цэвэрлэж хайрла
Хаа сайгүй тэнүүчилсэн бодлыг минь цэгцэлж хайрла
85. Өршөөл эрсэн өчил
Info Post
0 сэтгэгдэл:
Kommentar veröffentlichen