Зөв нь буруугаа дийлэх орчлонгийн эргэлт зөөлөн
Зөв явбал элгэн дээрээ эрхлүүлэх замбуулин зөөлөн
Зөв бүхнээс урган гарах бүхэн зөөлөн
Зөв бүхний уг үндэс нь зөөлөн
Хайр агуулсан бүхний илрэх нь зөөлөн
Хад чулууг элээх усны урсгал зөөлөн
Хатуу хахир бүхний уг эх нь зөөлөн
Хатуу хахир чигээрээ бий болсон нь үгүй
Амар амгалан сэтгэлийн аялгуу зөөлөн
Аж төрөхүйн уугуул хэмнэл зөөлөн
Аргадаж эвлэж бүрдсэн бүхэн зөөлөн
Арга билгийн зохилдолгоо зөөлөн
Нэвсийтэл лавсан орох цас зөөлөн
Нэг л сонин нялхрах сэтгэл зөөлөн
Нэг нэгээр соёолох ногооны үнэр зөөлөн
Нэг л мэдэхэд өнгөрөх өдөр хоногууд зөөлөн
Айсуй баярын зөн нь зөөлөн
Амрагаа ширтэх янагийн харц зөөлөн
Айлчин гийчний ирэх нь зөөлөн
Айлсан амьдрахуйн утга нь зөөлөн
Үнэгчлэн нойрсох үрийн зулай зөөлөн
Үүр шөнийн заагаар сэвших салхи нь зөөлөн
Үнэн худлын дундуур татсан хөшиг зөөлөн
Үнэн худлыг ялгах дэнс нь зөөлөн
Бүхнийг хаман урсах цагийн урсгал зөөлөн
Бүхнийг бүтээгч хүчний илбэлт зөөлөн
Буй бүхнийг торлосон сүлжээ зөөлөн
Буцаж ирэхийг нь тоссон зам зөөлөн
Талаас зэсэн улаан нар урган мандах нь зөөлөн
Таана мангирын үнэр ханхлах нь зөөлөн
Танил дотно хүмүүсийн царай зөөлөн
Танихгүй мэдэхгүй бүхнийг угтах сэтгэл нь зөөлөн
Хамаг нандин бүхнээ хатуу хуягаар далдалчихаад
Хязгааргүй огторгуйн гүнд бөжин туулай шиг хярсан
Хөх сувд шиг жижигхээн гаригийн
Хэний ч хүрч чадашгүй амин гол нь зөөлнөөс зөөлөн
87. Зөөлөн
Info Post
0 сэтгэгдэл:
Kommentar veröffentlichen