Хорвоо чи юунд хэлгүй дүлий царайлна вэ
Хэнэггүй хүйтэн дүнсийж нэг л тойргоор юунд зогсолтгүй эргэнэ вэ
Хорвоо чи харгис хатуу эзний өрөвдөх сэтгэлгүй албат юм уу
Харгис эзнийхээ тушаалыг ягштал биелүүлдэг харгалзагч юм уу
Хаагуур тойрохоо ч заалгасан чи бас хоригдол уу
Харгис хэрцгий эзэн чинь чамд юу гэж тушаагаа вэ
Хэдий болтол ингэж нэгэн жимээр эргэлдэх вэ
Хорвоо чиний элгэн дээр аж төрөх хүмүүс
Хоригдох ял заагдсан гэмтнүүд юм уу
Хаа нэгэн газар хэрэг тарин адлагдаад
Хорвоо гэгч шоронд хүргэгдээ юу
Хаанаас юуны учир хөөгдөж ирээ вэ бид
Хөөгдсөн тэр газар руугаа буцах арга бий юу
Хүмүүний зовлон шаналалыг чи юунд үл сонсоно вэ
Хүний зовлонд ханаж цадахгүй чинь үнэн үү
Хүмүүн бид улиг болтол гомлоллосоор хорвоо чамайг дөжрөөгөө юу
Хүмүүн биднийг өрөвдөхдөө чи хааяа ч гэсэн доголон нулимс унагадаг уу
Хилсээр хоригдож хэлмэгдсэн гэмгүй хүн энд нэгээхэн ч үгүй гэж үү
Хийсэн хэргээсээ хамаарч ялын хугацаа нь адилгүй юу
Хэдэн зуун мянганаар урсгасан хүмүүний нулимс хаашаа далдардаг вэ
Хаа нэгтээ нууцхан газар далай тэнгис болон тогтдог уу
Хаа нэгтээ тогтсон тэр далайд жаргалтай ганганах хун галуу бас бий юу
Ял завшсан зальхай хүмүүс тоймгүй их байдаг уу
Ял завшиж байна гээд ялаа улам нэмдэг үү
Ял эдлэж буйгаа жаргал хэмээн эндүүрдэг үү
Ял хэмээн хүлээж авсан нь хэрхдэг вэ
Аз жаргалын нулимс яагаад ховор байдаг вэ
Аз жаргал гэгч хоромхон зуурын зэрэглээ юу
Амжиж хүртэж чадсан нэгний зол уу
Амжиж хүртээгүйчүүд нь хэдий болтол хүлээх вэ
Аз жаргалын нулимс чихэрлэг амттай байдаг уу
Аль эсхүл чиний дуртай зовлон шаналалын шорвог нулимсаас өөрцгүй юу
Хорвоо чиний шоронг юу ийм бат бөх болгоно вэ
Хатуу савраас чинь хэн ч мултарч чаддаггүй нь юуных вэ
Хүн эсхүл өөрийгөө шоронд цоожилж байдгаас
Хийх ажилгүй чи хачин их уйддаг уу
Хүсэл, шунал, тачаал, хэзээ ч биелэхгүй мөрөөдлүүд
Хийсэн үйлийн үр хүлж биднийг багладаг уу
Хүмүүнд хүлээс болдог бүхийг тоочвол барагдах уу
Хэрэв тийм бол бид хүлээснээсээ хэрхэн мултрах вэ
Хүлээснээсээ мултарч чадвал хаалга чинь үргэлж нээлттэй юу
Хэн бүхэн тэгвэл сэхээрч ухаарах болтухай
Хэн бүхэн тэгвэл сайнаар өөрчлөгдөх болтухай
Хэн бүхэн тэгвэл хүлээснээсээ салах болтухай
Хамаг бүхэн тэгвэл сайнаар эргэх болтухай
Хамаг бүхэн тэгвэл сайнаар төгсөх болтухай
Хаалга үүдийг чинь олоод шоронг үүрд орхих болтухай
Хайрын сэтгэл хязгааргүй хаанчлах болтухай
Хэлгүй дүлий хорвоо чи хэлд орж сонордох болтухай
Харгис хатуу эзэн чинь уярч нигүүлсэх болтухай
Хэн бүхэн ялаас мултарч хөөгдсөн тэр газартаа эргэн очих болтухай
89. Шорон
Info Post
0 сэтгэгдэл:
Kommentar veröffentlichen