Намхан намхан толгодыг даван
Наран зүг яаралгүй алхнам
Надаас өмнө байсан бүхнийг дурсан
Надаас хойш байх бүхнийг ерөөн
Наран зүг яаралгүй алхнам
Он жилүүдийн түмэн атираа тогтсон
Оохор цоохор толгодын алтан элсэн дээгүүр
Орог саарал мананг нэвтлэн
Онцгой нэгэн аялгуунд хөтлөгдөн
Оддын гэрлээр баримжаалан наран зүг яаралгүй алхнам
Зогсолтгүй урсан өнгөрөхдөө элсэн ширхэгүүд болон бутарсан
Зоргоор дураараа цаг хугацааны дээгүүр туучин
Залуу идэр өтөл насыг дамжин
Заяа тавилангийн хүрдэнд дөрлүүлэн
Замбативийн зүрхэн тушаа газраас наран зүг яаралгүй алхнам
Эх түүхийн баяр гунигийн нулимс
Иртэй иргүй мэсэнд сийчүүлж тунасан цус
Ингэн тэмээний нүд шиг булаг шандаас ундаалан
Исгэлэн шорвог нялуун бүхий л амтыг амтлан
Ирсэн замаараа зугуухан буцаж
Ирээдүйн гийчдийг замчлахаар наран зүг яаралгүй алхнам
Хүрэн зүрх шиг хүрэл толгодыг даван
Хүний алдаа эндлийн гэрч болон
Харлаж онгойсон нүхийг тойрон
Хүний судас шөрмөс мэт
Хатаж чулуужсан суваг шуудуунд бүдчин наран зүг яаралгүй алхнам
Намхан намхан толгодыг даван
Наран зүг яаралгүй алхнам
Надаас өмнө байсан бүхнийг дурсан
Надаас хойш байх бүхнийг ерөөн
Наран зүг яаралгүй алхнам
0 сэтгэгдэл:
Kommentar veröffentlichen