84. Ял асууя
Info Post
Ямагт бүхнийг эрхшээгч Тэнгэрийн нэрээр ял асууя
Ялгуусан суу алдрыг нь сануулан байж ял асууя
Янз үзэн наадагчдаас ял асууя
Ялтан, гэмтэн, нүгэлтнүүдээс ял асууя
Эзэнтэйгээ тэрсэлдэгч боолуудаас ял асууя
Эзэнгүй мэт авирлан дураар дургигчдаас ял асууя
Эрлэг тамыг сануулан ял асууя
Эргэж буцах үйлийн үрийг чинь зарлан байж ял асууя
Ах захаа үл мэдэгчдээс ял асууя
Амраглан хорлогчдоос ял асууя
Авир зангаа үл дарагчдаас ял асууя
Алдхан биеэ өргөмжлөгчдөөс ял асууя
Жам ёсыг огоорогчдоос ял асууя
Жаяг жудгаа умартагчдаас ял асууя
Жаргалыг бус зовлон таригчдаас ял асууя
Жаргал амлан зовлонгоор зоологчдоос ял асууя
Тэнгэрийн нэрийг зээлдэгчдээс ял асууя
Тэнгэрийн нэрийг гутаан доромжлогчдоос ял асууя
Тэнгэрт тэрслэн самуурагчдаас ял асууя
Тэнгэрийг үгүйсгэн дураар дургигчдаас ял асууя
Нүүрээ нууж нүглээ хаацайлагчдаас ял асууя
Нүгэл буяныг үл ялгагчдаас ял асууя
Нүнжиг буянаа гээгчдээс ял асууя
Нүдээр нь урсах нүгэлээ үрдээ үүрүүлэгчдээс ял асууя
Дайчин уухайн дууг тасалдсан хэмээн эндүүрэгчдээс ял асууя
Дайчин Өвгөдийн удам тасарсан хэмээн тайвшрагчдаас ял асууя
Дуугүй ноомой хэмээн дарлагчдаас ял асууя
Дундуур тавилангаа нүгэлээр дүүргэгчдээс ял асууя
Хүмүүн заяаг гундаан гутаагчдаас ял асууя
Хүний юманд шунан дурлагчдаас ял асууя
Хүмүүн нэрийг шороотой хутгагчдаас ял асууя
Хүж дэлхийг ухан тоногчдоос ял асууя
Төрт улсаа басамжлан урвагчдаас ял асууя
Төрсөн нутгаа арилжин наймаалагчдаас ял асууя
Түвшин амьдралыг үймүүлэн бусниулагчдаас ял асууя
Түмэн олныг үймрүүлэн мунхруулагчдаас ял асууя
Бэрдийн шуналтай бэртэгчингүүдээс ял асууя
Бэлэнчлэн залхуурч хэвтэгчдээс ял асууя
Бүтэн улсаа хувааж идэгчдээс ял асууя
Бүхнийг харлуулан бузарлагчдаас ял асууя
Гэмтэн бүрийг өршөөлгүй гэсгээе
Гэм нүглийг нь үүрүүлэн яллая
Ялтан бүрийг тамлан зовооё
Ял зэмийг нь эдлүүлэн яллая
Нүгэлтэн бүрийг нүүрэлдүүлэн шүүе
Нүгэл нь цайртал шүүслэн чаная
0 сэтгэгдэл:
Kommentar veröffentlichen