Breaking News
Loading...
24.04.2014


Хөх Монголын хөх туган дор хорвоогийн хагасыг туулсан дайчин Өвгөддөө зориулав.

Монгол цэрэг мах цусанд төрсөн энгийн нэгэн гэлээ ч
Мөнх тэнгэрт сүслэж ялагдашгүй хүчийг олсон
Мөрөн голыг туулж орчлон хорвоог таньсан
Монгол гэдэг нэрийг ертөнцийн чихнээ дуурсгасан
Эзний зарлигийг гардаж эр цэрэг болсон
Эзэрхэг түрэмгийг номхотгож энх цагийг авчирсан
Энэ биеэ элтэл их үйлэнд зүтгэхдээ
Эргэх хариу нэхэж нэхэл дагал болоогүй
Хамаг бүхэн нь энгийн боргил ч
Хаана ч байхгүй агуу гайхамшиг
Хаан төрийн өлмийд хамгаа дэвссэн эр заяа
Хамаг Монголын төлөө хатамжлан зүтгэсэн эр зориг
Онилсоноо онох ончтон
Олон үггүй ухаантан
Оногдсоноо үүрэх тэнхээтэн
Олзонд үл шунагч гэгээнтэн
Далайснаа далба цавчигч бяртан
Дайснаа мохоон доройтуулагч идтэн
Далай улсын өмөг түшиг
Дархан цолоо мандуулан бадруулагч
Эзэндээ үнэнч албат
Эгэл жирийн эр цэрэг
Эргэлзэн тээнэгэлзэхийг үл мэдэх итгэл
Эргэж буцахыг үл мэдэх журам
Халуунд халж хүйтэнд хөрч
Хал үзэж халуун чулуу ч долоосон
Хүлгийн нуруун дээр дарцаглаж
Хорвоогийн талыг босоогоороо туулсан
Алалдан тулалдаж хатгалдан дайтаж явахдаа
Амьдралын үнэ цэнийг андуугүй таньсан
Атаатан дайсандаа өршөөлгүй хатуу ч
Авран нигүүлсэх сэтгэлээ гээгээгүй
Хамаг бүхэн нь энгийн боргил ч
Хаана ч байхгүй агуу гайхамшиг
Хаан төрийн өлмийд хамгаа дэвссэн эр заяа
Хамаг Монголын төлөө хатамжлан зүтгэсэн эр зориг








0 сэтгэгдэл:

Kommentar veröffentlichen