Тэнхээ мэдэн хашхиравч
Тэнгэрт тултал хашхирахгүйн учир
Хоолой мэдэн ориловч
Хорвоогийн хязгаарт хүрэхгүйн учир
Дэлбэртлээ бачимдан хашхиравч
Дэлхий намайг сонсохгүйн учир
Багалзуураа урагдтал бархиравч
Бултаар намайг сонордохгүйн учир
Зүрхнээс ундран цээжинд хурж
Зүгээр амгалан суулгахгүй буглан
Тархи толгойг эзэмдэн чарлаж
Тал бүрээс гижигдэх бүхнийг
Өөрөө өөртэйгээ хүүрнэн байж
Өөрийгөө онгичин эргүүлж байж
Бүлээн цусаа шингээн амилуулж
Бичиг болгон сийлж чимээгүй хашхирна
Утаа шиг замхруулж үнс шиг хийсгэхгүйн тулд
Уушиг зүрхээ уудлан үг болгон бичиглэнэ
Үдлээд буцах амьдралаа
Үлдэх мөртэй байлгахын тулд
Мэдэрч, үзэж, сонсож, хүртэж туулсан бүхнээ
Миний гэх түүх бүхнээ үг хэлхэн бичиглэнэ
Зүрх сэтгэлээ сонордон байж
Зүрхний цусаа шавхан байж
Намайг бусдаас ялгаруулах
Намайг бусадтай холбох бүхнийг
Сэтгэл хэмээх шүүрээр шүүрдэн байж
Сэнгэнэсэн салхи шиг үг болгон гаргана
Мэлмий юугээр нь дамжин мэдрэл юуг нь түншин
Мэнд амрыг нь айлтган бусадтай би мэндчилнэ
Энэхэн биеэ би үг болгон хувааж
Эрдэнэт номын үсэг болгон тараана
Хамаг бүхнээ үг болгоод
Хаа сайгүй тарааж дуусахад
Эцсийн ганцхан эсээ хүртэл
Эгшиг ганцхан үсэг болгоход
Сая миний түүх төгсөнө
Салах ёс хийх цаг болно
Би өөрөө бичиг болоод
Биегүй атлаа мөнхөд амьдарна
Дуу уухай минь тасалдаж цуцахгүй
Дуулим хорвоод чимээгүй хашхирсаар байна
77. Чимээгүй хашхираан
Info Post
0 сэтгэгдэл:
Kommentar veröffentlichen