Түнэр харанхуй шөнийн аниргүйг эвдэн
Түгшүүр айдсыг үргээж гэрэл цацруулсаар
Туурайн төвөргөөнөөр хөрстийг бөмбөрдөж
Туульсаас амилсан хий хүлэг минь давхина
Янцгаан үүрсэхэд нь яргуй дэлбээлнэ
Яндашгүй далайн мандал долгилно
Яруухан дуу нь оддын дайдад хүрнэ
Яралзтал хатирах нь хувилгаан шидийн гайхамшиг
Цахиур дөрвөн туурайнаас нь гал маналзана
Цалгилах дөрвөн далайг харайлт дундаа туулна
Цацалж халгисан омголон давхилд нь өртсөн
Цаг хийгээд жам бусын бүхэн амь тавин үлдэнэ
Далдаас ирсэн даамай хий хүлэг минь
Даваа гүвээ бүрийг торолгүй даван давхина
Давхил дундаа бяр суун давхина
Давтан давтан давхиж даваа олныг давна гэнэ
Хөрст дэлхийг эвхэн эвхэн давхина
Хөлдөж хөшсөнийг гэсгээн давхина
Хөр цасыг ховхлон ховхлон давхина
Хөрстөд ганцхан эзнээ хайн давхина
Цагийн урсгалыг сөрж давхина
Цагаан гэрэл татуулан давхина
Цаглашгүй их орон зайг хэмжин давхина
Цагдашгүй их эрчмийг цуцалтгүй давхин түгээнэ
Хэрцгий догшин бүхнийг хэмхчин гишгэлсээр
Хэнд ч юунд ч үл дийлдэх хий хүлэг минь давхина
Хилэн хар хүлэг минь цагаан гэрэл үлдээнэ
Хилэнцэт нүглийг цайруулж манхайх үүрийг авчирна
0 сэтгэгдэл:
Kommentar veröffentlichen