Breaking News
Loading...
27.11.2014

Зуур замын туршид зуурдын бүхнээсээ хагацна
Зурайсан олон замын алинаар замнаснаас
Заяа тавилан минь хамаарна
Замаасаа хазайлгүй явсаар
Заяасан бүхнээ хүртэнэ
Цагийн урсгал, зовлон шаналал, баяр хөөр
Цаг зуурын зугаа цэнгэл, аахар шаахар явдлууд
Цагийн салхи, тоос, цаглашгүйн хүрдэнд
Цаг зуурын хуяг минь элэгдэж сэмэрсээр
Цаг нь болохоор би нүцгэн хоцорно
Үнэн төрхийг минь далдалсан хуяг
Үйлийн үрд минь үрэгдэж барагдсаар
Үүл сарниж манан шингэрэх бүрийд
Үүрдийн бүхэн тодхон болсоор
Үнэнийг таньсан цагтаа би халхлах зүйлгүй нүцгэн болно
Өөрийгөө хучиж багласан олон давхар хүлээс
Өнгөц, худал, хуурмаг бүхнээс ангижирч
Өөрийнхөө өчүүхнийг мэдрэх бүрийд
Өөрийн минь өнгө улам тодорсоор
Өөр рүү минь намайг хөтлөнө
Оюун бодол минь тэлэхийн хэрээр
Онилох хараа минь хурцлагдана
Орчлон хорвоог танихын хэрээр
Олдмолыг гээж заяагдмалыг олно
Огоорч мартаж болшгүй бүхэн би өөрөө байсныг мэднэ
Зуур замын туршид нүцгэрсээр
Зуурдын бүхнээсээ хагацаад
Зузаан хөө хуягнаасаа салаад
Замнах замаараа тууштай замнахад
Заяа тавилангаа сая танина
Чармай нүцгэн болохын цагтаа би өөрийгөө олно
Чинад алсын хийгээд чанх дэргэдэх зүйлсийн
Чанар нэгэн болохыг ухна
Чармайж хичээж чадвал хүмүүнд
Чадахгүй зүйл үгүйг мэднэ
Элдэв чимэг хачиргүй
Эрээн мяраан зүүлтгүй
Эхээс төрсөнтэйгээ ижил болохын цагт
Энэхэн заяандаа би эзэн сууна
Эцэс төгсгөлгүй мөнхөд оршино

0 сэтгэгдэл:

Kommentar veröffentlichen