Breaking News
Loading...
23.11.2014



Үнэн худлын дундуур
Үүр шөнийн заагаар
Үхэл амьдралын хооронд
Үндэс мөчрийг самнан
Гэрэл сүүдрийг дамжин
Гэнэн хүсэлдээ хөтлөгдөн
Гэгээнтэн хийгээд мунхагууд
Гэмтэн хийгээд гэмгүйчүүдтэй хамт
Өнгөрсөн ирээдүйн хооронд
Өөртэйгөө болон өрөөлтэй тэрсэлдсээр
Өнгөн дүрс гаднах хэлбэртэй сөргөлдсөөр
Өөрийгөө би хайсаар байна
Бодьтой бодьгүйн хооронд
Болсон болоогүйн хооронд
Бурхан чөтгөрийн хооронд
Буян нүглийн хооронд
Ил далдын хооронд
Илэрхий нуугдмалын хооронд
Их багын хооронд
Ирээд явсан ба ирээгүй бүхний хооронд
Сод ухаан солиорлын хооронд
Сониуч зан сэрэхүйн хооронд
Сохор мэлмийтэний хооронд хэр их зайтайг
Сонордоод мартсан бүхэн минь хаана байгааг олохоор
Харанхуйн дунд тэмтчин туулсан замаа хайна
Хуурмаг төсөөлөл итгэл найдвараа таягдан хаяад
Хаа хүрэхээ гагц зүрх сэтгэлдээ даатгаад
Хад мөргөн мухардахаас айхгүйгээр бэдэрнэ
Захгүй далайн дундаас өөрийгөө хайж бэдрэхдээ би
Заагийг хэрхэн давж зах хязгааргүйд нэвтрэх вэ
Зах хязгааргүйд нэвтэрснээ заалгалүйгээр хэрхэн мэдэх вэ
Залхуурлаа хэрхэн давж заяа тавиландаа эзэн суух вэ
Хязгаарыг давж хүрээгээ тэлэхэд
Хүч минь дутваас хаанаас хэрхэн нөхөх вэ
Хил хязгаар зааг бүхнийг хэрхэн чөлөөтэй нэвтлэх вэ
Хил хязгаар зааг бүхнийг хэрхэн чөлөөтэй нэгтгэх вэ
Алив бүхнийг алган дээрээ тавьсан мэт хэрхэн тольдох вэ
Алив бүхнийг зааглагч алтан дундажыг хэрхэн олох вэ
Алив бүхний алтан дундаж дээгүүр холбиролгүй хэрхэн замнах вэ
Асуулт бүхэндээ хэрхэн өөрөө хариулах вэ
Үгээ хэрхэн үйл болгох вэ
Үйлээ хэрхэн үнэн болгох вэ
Үнэнийг хэрхэн нотлон батлах вэ
Үүрд мөнхийн учигт хэрхэн хүрэх вэ









0 сэтгэгдэл:

Kommentar veröffentlichen